Товчлон нийтэлсэн: “Эдийн засаг” сэтгүүл 2025 оны №2(88), хуудас 29-33.
А.ЧУЛУУНБАТ, МУИС-ийн Аж үйлдвэрийн инженер-эдийн засгийн ангийг 1970-1975 онд суралцаж төгссөн. Магистр.
БОРЦ БЭЛТГЭЖ ХАДГАЛСАН АРГА ТУРШЛАГА, ҮР ДҮН
(Улсын нөөц-60 жил)
Бэлтгэл хангаж, улмаар 1992 онд хүнсний нөөцийн нэр төрлийн жагсаалтад “Борц”-ыг анх удаа оруулсан туршлагаас сонирхоно уу:
1990–1992 оны үеийн Худалдаа, үйлдвэрийн сайд С.Баярбаатар “АНУ-д хатаасан мах бэлтгэж худалддаг бизнес санааны тухай” бидэнд ярингуут санаа авч билээ.
Эзэн Чингис хааны морьт цэргийн амин хүнсний зүйлсийн нэг болж байсан “Борцыг хэн хэзээ хаана яаж мэдэж яагаад хийх” уламжлалт мэдлэг-аргатай билээ.
Бид бүгдээрээ бахархдаг.
Иймээс өвгөд дээдсийнхээ уламжлалт энэ мэдлэг аргыг нь үргэлжид хэрэглээ болгох юм сан гэж бодож дэм дэмэндээ нэгэн зорилтын төлөө хамтран ажиллаж “Боломжит их борц бэлтгэж нөөцөд хадгалах, шинэчилж нөхөн бүрдүүлж байх тухай” шалтгаант сэдэл-санааг тэр үеийн Худалдаа, үйлдвэрийн дэд сайд Б.Мандалсүрэн, Техникийн хэлтсийн дарга Б.Баярсайхан нар дэмжиж, сайдад танилцуулж шийдвэрлүүлэв.
Хамтран ажиллах байгууллага, мэрэгжилтнийг олж сонгож гэрээ байгуулав:
1991-1992 оны өвөл, хаврын улиралд хамтран хэрэгжүүлэхийн тулд “Борцны туршилт-үйлдвэрлэлийн ажил явуулах захиалга гэрээ”-ний төслийг боловсруулж хянуулав.
Энэ гэрээг 1991.04.23-ны өдөр Худалдаа, үйлдвэрийн дэд сайд Б.Мандалсүрэн, Хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институт (ХҮЭШЗТИ)-ийн захирал, дэд эрдэмтэн М.Гүнсэндорж, ШУА-ийн Химийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Бадгаа нар батлав.
Энэ гэрээний Захиалагчийг төлөөлж: Худалдаа, үйлдвэрийн яамны Техникийн хэлтсийн дарга Б.Баярсайхан, мэргэжилтэн А.Чулуунбат, П.Батаахүү, Улсын нөөцийн “Объект №03”-ын дарга Д.Дорж, Гүйцэтгэгчийг төлөөлж ХҮЭШЗТИ-ийн дэд эрдэмтэн С.Дэлэг, Хамтран гүйцэтгэгчийг төлөөлж Химийн хүрээлэнгийн дэд эрдэмтэн, “Сансарын нисгэгчийн борц бэлтгэгчдийн нэг” Д.Уртнасан нар гарын үсэг зурсан билээ.
Мах борцлох “А1”; ”А2“ гэсэн нэр өгөж загвар бүдүүвчийг нь анх зохиов, угсарав [1]:
Хөдөөний цэвэр агаар-орчинд байршилтай тухайн байшингийн 12х12 метр талбайтай өндөр таазтай тасалгаан дотор 1991 оны 12 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд “А1”; ”А2“-ын угсралтын ажлыг нь Худалдаа, үйлдвэрийн яамны мэргэжилтэн А.Чулуунбат, “Объект №03”-ын ажилтнууд С.Пүрэвхүү, Д.Нацагсүрэн, Амаржаргал, тэдний хүүхдүүд Н.Гантулга, А.Мөнхтамга бид хийв. Дараа нь “Объект №03”-ын эмэгтэй ажилтнууд бүгдээрээ доор дурдсан ажлуудыг хамтран хийсэн билээ. Үүнд:
Уг том заал тасалгааг, хажуугийн гал тогооны том өрөөг цэвэрлэж, гэрлээр ариутгав. “А1” ба “А2”-ын багана ба хөндлөвчийг /буюу ган хоолойнуудыг/ нь бөглөж арчиж цэвэр цаасаар ороов.
“Тасалгааны тааз” ба “А1, А2”-ын дээд хэсэг” хоёрын хоорондуур нь цэвэр тааран даавуун хэвтээ хөшиг татав. Өөрөөр хэлбэл “А1”, “А2”-ыг дээгүүр нь уг даавуугаар хөндий бүтээв. Түүнчлэн “А1, А2”-ын хажуу талаар ма́рля даавуун босоо хөшиг татах бэлтгэл ажлыг хийсэн юм.
БОРЦНЫ МАХ БЭЛТГЭСЭН НЬ
Худалдаа, үйлдвэрийн сайдын 1991.12.14-ний өдрийн 480 тоот тушаал гарч, “Махимпэкс” компаниас нийт 21420 төгрөгийн үнэ бүхий үхрийн 2-р зэргийн мах 2100 килограммыг (73 гуя, 9 хаа) хүлээн авч, жолооч Баасанжав “Объект №03”-т хүргэв. Дараах ажлыг хийцгээв:
ü 1991 оны 12-р сарын 17-ноос 20-ны өдрүүдэд “БОРЦНЫ МАХ ЗҮСЭЖ БЭЛТГЭХ, БОРЦЛОХ АРГА ТЕХНОЛОГИЙГ НЬ БОЛОВСРУУЛАГЧ-Химийн хүрээлэнгийн дэд эрдэмтэн Д.Уртнасан, ХҮЭШЗТИ-ийн махны технологич Т.Санжмятав, технологич хатагтай С.Энхбаяр”, туслах ажилтан Самбууням нар амны хаалт зүүж, халаат, малгай, бээлий өмсч, гутлын улаа гэрлээр ариутгаад, уг “А1”, “А2” бүхий тасалгааны хажуугийн гал тогооны том өрөөнд хүнсний зориулалтын зэвэрдэггүй ган тавцант ширээн дээр бүх гуя, нэг хааг шулж, хальс, шөрмөс, булчирхайг нь ялгаж ангилан зүсэв.
ü “Объект №03”-ын дарга, ажилтан нар зүссэн борцны махыг хэц рүү зөөсөн.
ü Аавынхаа хэлсэн ёсоор борцны мах бүрийг хэцэн дээр наалдуулахгүй тохов.
Энэ нь “know-how” байж болох юм?
ü Борцны махыг бүгдийг нь хэцэн дээр тохсоны дараа нь “А1”, “А2”-ын хажуу талыг ма́рля даавун хөшгөөр хаав. Цонхоор борц руу нарны гэрэл тусахгүй болгов.
ü Д.Нацагсүрэн үлдсэн найман хааг шулж хэцэн дээр тохсон бөгөөд байрны хамгаалалтад, орчны ариун цэвэрт хяналт тавих ажлыг хариуцлагатай сайн хийсэн юм.
Анх зүсэж хэцэнд тохсоноос хэдэн ширхэг дээжийг түүвэрлэн сонгоод, махны жин, зузаан, уртыг хэмжиж тэмдэглээ зүүсэн бөгөөд дээж бүрийн жингийн өөрчлөлтийг очиж хэмждэг, тэмдэглэдэг байв. Хэмжилт, тооцоог хүснэгт графикаас үзнэ үү.
БОРЦ БЭЛЭН БОЛОХ ХУГАЦААНЫ ТУРШИД ХИЙСЭН ХЭМЖИЛТ
Зүсэж бэлтгэх, хэцэнд тохох явцдаа сонгосон дээжний буюу борцны махны жин, зузаан, уртыг хэмжиж тэмдэглээ зүүсэн бөгөөд энд тэнд тохсон дээж бүрийн жингийн өөрчлөлтийг очиж хэмждэг, тэмдэглэдэг байв...
Хэмжилт, тооцоог дараах график, хүснэгтээс үзнэ үү. Үүнд:
ДЭМ ДЭМЭНДЭЭ БЭЛТГЭСЭН, УЛСЫН НӨӨЦӨД БҮРДҮҮЛЖ ХАДГАЛСАН БОРЦ
1990-1996 оны үеийн Худалдаа, үйлдвэрийн сайд С.Баярбаатар, Ц.Цогт, дэд сайд Б.Мандалсүрэн, хэлтсийн дарга Б.Баярсайхан, тасгийн дарга Х.Болдхуяг нар дэмжиж, байгууллага, компани хамтран ажилласан билээ.
v Т.Ганболд дурсамждаа “1990 оны 10-р сард ...Худалдаа, үйлдвэрийн яам байгуулагдахад ...Б.Баярсайхан даргатай Үйлдвэрлэл, техникийн хэлтэс болсон. Энэ үеэс нөөцийн барааны хадгалалтын технологи хариуцсан мэргэжилтнээр А.Чулуунбат ажиллах болж, тэрбээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран 1992 онд анх удаа “Монгол борц” бэлтгэн хадгалах болсон байдаг” гэжээ [5] 119-р хуудаснаа.
v 1992.04.27-ны өдөр “Объект №03”-ын ажилтан нарын хамт бэлэн борцыг уутлав. Хүнсний зориулалтын 33 ширхэг том цаасан ууттай нь таар шуудай руу хийж, оёж дугаар зүүв. Эрүүл ахуй, халдвар нян судлалын лабраторийн шинжилгээнд өгөх зорилгоор борцны тасарсан ба үйрмэг хэсгийг зориуд түүж дээж-сорьцын уутанд хийв.
v 1992.05.07-ны өдөр “Махимпэкс” компанийн хөргүүртэй агуулахын ажилтан Б.Пүрвээд хүлээлгэн өгөв. Нийт 33 цаасан уут, таар шуудайны жинг хасаж тооцоход нь нийт 422 килограмм болов. “Туршилт арга”-ын дагуу хадгалуулав. Хөргүүртэй агуулахын дотор поддон дээр берзент дэвсэж, шуудайтай борцоо хураагаад берзентээр битүүлэн бүтээв.
v 1992.12.03-ны өдөр Махимпэкс компанийн “Мах шулж ангилан боох сэгт борцны махыг сонгон зүсэж бэлтгээд 32 чингэлэгт хийв. Нэг чингэлэг нь дунджаар 7 кг гэв. Эдгээрийг 1992.12.04-ний өдөр ачааны автомашинд ачиж автопүүн дээр жинлэхэд 1834 кг. болов. “Махимпэкс” компанийн 26 ажиллагчийн хамт “Объект №03”-т хүргэж, борцны махыг “А1”, “А2”-ын хэц бүр дээр хэдхэн цагийн дотор тохож байрлуулав.
1993.05.15-н гэхэд бэлэн болсон борцыг тээвэрлэн “Махимпэкс” компанид хүргэж хадгалуулах шийдлийг хэрэгжүүлжээ.
v 1994.01.13-ны өдөр Махимпэкс компанийн “Мах шулж ангилан боох үйлдвэр (МШАБҮ)”-т ялган сонгож зүссэн 763 килограмм борцны махыг чингэлэгт хийв. Үүнийг 1994.01.14-нд МШАБҮ-ийн 22 ажиллагчийн хамт “УБ 65-14” дугаартай ЗИЛ-130 ачааны автомашинд ачиж, “Объект №03”-т хүргэж байв. Бид нар олон хэцэн дээр нэг цаг гаруй хугацаанд тохсон билээ.
v Тэр үед Б.Пүрвээ бид “Махимпэкс” компанийн хөргүүртэй агуулах дотор хадгалж буй борцны чийглэг, тоо хэмжээ, чанар, нян, эрүүл ахуйн үзүүлэлтүүдийн шинжилгээг “Махимпэкс” компанийн болон итгэмжлэгдсэн лабораториор хийлгэдэг байлаа. Хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг байв.
БОРЦНЫ ХАДГАЛАЛТ ба ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ
v Тэр үед “Махимпэкс” компанийн хөргүүртэй агуулах дотор “Туршилт арга”-ын дагуу хадгалуулдаг байв.
v Хөргүүртэй агуулахын дотор поддон дээр берзент дэвсэж, шуудайтай борцыг хураагаад берзентээр битүүлэн бүтээдэг байв.
v “Махимэкс” компани дахь борцны удаан хадгалалтын арга зөв байв.
v Борцыг зохисгүй орчин нөхцөлд удаан хадгалахад өтөх, чийглэг, үнэр амт, чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тухайлбал, цэвэр орчинтой ч гэсэн гэрийн хөрөгчийн хөлдөөгч дотор удаан хадгалахад “борц биш” болно.
v Итгэмжлэгдсэн ба “Махимпэкс” компанийн үйлдвэрийн лабораториудаар борцны хадгалалтын явцад чийглэг, нян, хөгц мөөгөнцөр, бичил биет, хүнд металл, өнгө, үнэр, амт зэрэг үзүүлэлтийг шинжлүүлдэг, энэ үндсэн дээр уг борцны хадгалах хугацааг нь, хүнсэд хэрэглэж болохыг нь тус тус баталгаажуулдаг байв.
ЭРЭЛТ, ХЭРЭГЛЭЭ:
Дор дурдсан компани, байгууллагын хүсэлтийг үндэслэн, нийт 15 кг борц худалдаж, нийт 5250 төгрөгийг дансаар “Объект №03” руу шилжүүлжээ. Үүнд:
· “1992 оны Барселоны олимпид оролцох тамирчдын хоолонд хэрэглэх 5 кг борц олгохыг Залуучууд спортын улсын хорооноос хүссэн ажээ. “Махимпэкс” компанийн орлогч захирал /Г.Хангай/-ын 1992.06.24-ний өдрийн 1/366 тоот албан бичгийг Худалдаа, үйлдвэрийн яам (ХҮЯ) хүлээн авав. ХҮЯ-ны мөн өдрийн 10/1790 тоотоор 5 кг борц худалдаж нөхөн бүрдүүлэхийг мэдэгджээ.
· ХҮЭШЗТИ-ийн захирал /М.Гүнсэндорж/-ын 1992 оны 2/262 тоотоор ирүүлсэн хүсэлтийн дагуу “Бадарчин-92” аяллынхны замын хүнсэнд буюу удаан хадгалах боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтад зориулж 10 кг борцыг зохих үнээр нь олгожээ.
.
Санал бодол
Нэг. Эрдэм шинжилгээний байгууллагаар борцны чанар, үзүүлэлтийг улам нарийвчлан судлуулаасай.
Хоёр. Гамшгийн үед, ой, хээрийн түймрийг унтраах, цурамд оруулах үед ажиллаж байгаа хүмүүст, ажилтнуудад зориулсан “борц бэлтгэх”, “борцтой хоол” үйлдвэрлэх, дроноор хүргэж өгөх боломж байна.
ТӨРИЙН МИНЬ СҮЛД ИВЭЭН СОЁРХ
Ашигласан материал:
1. “Мах борцлох байгалийн хатаагуур” Inventor:А.Чулуунбат. Patent Application:MN10-1992-0001285. Огноо:1992.09.17. Мэдүүлэг гаргагч: Худалдаа, үйлдвэрийн яам. Төрөл:Үндэсний. Гэрчилгээний улсын бүртгэлийн дугаар:MN10-0000762. Огноо:1992.12.16.
2. “Борц жижиглэн савлах арга” зохиогчид: Худалдаа, үйлдвэрийн яамны мэргэжилтэн А.Чулуунбат, “Махимпэкс” компанийн захирал С.Дэлэг, технологич ажилтан Х.Пүрэвдорж, Э.Сүхээ, Ц.Алтанхүү, Ц.Билгээ. Оновчтой саналын улсын бүртгэлийн дугаар 22474. Огноо:1993.10.12.
3. А.Чулуунбат, “Дэм дэмэндээ улсын нөөцийн жагсаалтад “борц”-ыг анх удаа оруулсан нь”, 2017 он, хуудас 320-322. Мартагдашгүй он жилүүд. Дурсамж. Боть II. Редактор П.Бадрал. Улаанбаатар-2017.
4. Улсын нөөцийн ”Объект №03” салбарын түүхэн замнал (30 жилийн ойд зориулав). Хянан тохиолдуулсан: Б.Бөх-Очир, П.Батаахүү. Эмхэтгэсэн: А.Отгонжаргал, Б.Амаржаргал. Ивээн тэтгэж хэвлүүлсэн: НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллага. 13.1 хх. Улаанбаатар хот-2017 он. Хуудас 21.
5. “Т.Ганболдын дурсамж” 119-р хуудас. Монгол Улсын нөөцийн түүхэн замнал. Хянан тохиолдуулсан: Т.Ганболд, П.Батаахүү. Эмхэтгэсэн: Ж.Амарсанаа. Хэвлэлийн хуудас: 19.75 хх. Улаанбаатар хот-2016 он.
6. https://chuluunbata.blogspot.com/
No comments:
Post a Comment