Эш татав:
"Дээд тэнгэрээс заяагаар төрсөн
Тэнгэрлэг их нэрийг биедээ оршоосон
Дэлхийн улсын төрийг авсан
Тэнгэрлэг төрсөн
Чингис хаан
Суут тэнгэрийн язгуурт
Суу заль ихт
Сургал үгүй билигт
Солбил үгүй засагт
Сод төрсөн
Чингис хаан
Тэмүчин баатар нэрт
Дөрвөн эрдэнийн хатант
Дөрвөн хүдэр дүүт
Дэлхийн улсын эзэн болсон
Одод тэнгэрт ч заяагаар үүдсэн
Онон мөрний Дэлүүн болдогт төрсөн
Онг /Ван/ хааны төрийг авсан
Олон Хэрэйдийг эзлэн мэдсэн
Ордос түмнийг төвлөн суусан
Олон улсын эзэн болсон
Чингис хаан
Бүтэхийн урьд учирсан
Бөртгөлжин их сэцэн хатант
Богд эзэн цолт
Боржигон алтан урагт
Боорчи, Мухулай нөхөрт
Бүгд дэлхийн эзэн болсон
Чингис хаан
Хувилгаанаар учирсан
Хулан сэцэн хатант
Хуур цуур хөг дуунт
Хурьцан дагасан есөн өрлөг нөхөрт
Хотол бүгдийн эзэн болсон
Чингис хаан
Хэрлэн мөрний Хөдөө арал хаан суусан
Хэмжээгүй их нэрийг биедээ оршоосон
Гэлэх бүгдийг хураасан
Гэгээн билигт төрсөн
Чингис хаан
Наран сарны хилээр төрсөн
Найманы Таян хааны төрийг авсан
Нармай улсын эзэн болсон
Насан бүр өлзийт төрсөн
Чингис хаан
Түг түмэн цэргээн тэргүүлэн явж
Туул мөрний гурван олохын
Дэвсэг сагалгар модны язгуур
Туг бүрээгээ босгон суусан
Тугч болох
Жалайрын Мухулайдаа бариулсан
Чингис хаан
Гоо Добуныг даван явж
Гурван мэргэд тайчуудыг гурил болгож
Хутагт их нэр цолыг биедээн оршоосон
Хойд алтан урагтаа
Хугарашгүй хүндтэй нэр цолыг оршоосон
Чингис хаан
Хангай ханыг арлан явж
Хасбуу тамгыг ханцуйлан явж
Хатан цэргүүдээ бясалган явж
Хамаг улсаа тэргүүлэн явж
Харь дайсныг алан талан явж
Хан зайсаны нэр цолыг биедээн оршоосон
Чингис хаан
Алтай ханыг арлан явж
Албат улсаа тэргүүлэн явж
Атаатан дайсныг алан талан явж
Алдарших нэр цолыг биедээн оршоосон
Чингис хаан
Залман ханыг арлан явж
Загарт тэхийг ширүүлэн явж
Зан муут дайсныг эрх дороо оруулан явж
Засаг зарлигаа дэлгэн явж
Заяа ихэт төрсөн
Чингис хаан
Товхан ханыг арлан явж
Довцог дарханаан унан явж
Домогт начинаан талбин явж
Домог дайсныг тойн дороо оруулж
Туг бүрээт цэрэгт төрсөн
Чингис хаан
Сахар тарвагатайг аялан явж
Сартуулын Жалилжан
Султан хааны төрийг аван явж
Салбар шонхорыг талбин явж
Санасан хүрснийг бариулан явж
Салгаж хөвгүүддээ эзлүүлэн илгээсэн
Чингис хаан
Шунхлай ханыг арлан явж
Шивэргэлтэн улсыг тойн дороо оруулж
Шил сайт агтыг унан явж
Сартуул улсын төрийг аван явж
Шимэсгэлээс түрүүлэн албыг авсан
Чингис хаан
Өл газар аялан явж
Өчүүхэн онхуудыг эрхэн дороо оруулан явж
Өгэлэн өжин эхрүүгээ эзлүүлэн илгээсэн
Өлзийт төрсөн
Чингис хаан
Муна ханыг арлан явж
Монгол улсаа тэргүүлэн явж
Тангуд улсыг тойн дороо оруулан явж
Шударга ханыг шилэгэ/гал/ харагч
Гүрвэлжин/могой/ гоог биедээн авч
Хүнд /ёс/ хан зайсан нэрийг биедээн оршоосон
Чингис хаан
Ургахуйн нарнаас шингэх наран хүртэл
Улсыг хаман хаман явж
Унд дарсаар ундаалан төрсөн
Улс иргэнийг эзлэн төрсөн
Уйтгаргүй нэр цолыг биедээн оршоосон
Чингис хаан
Дөрвөн хүдэр дүү нар чинь дархан шүтээн
Их тайш чинь хамгийн шүтээн
Есөн өрлөгүүд чинь төрийн шүтээн
Дөрвөн хүлэг хөвгүүд чинь ерөнхийд эзэн
Чингис хаан
Харийн хар занчир дайсныг
Хатгалдах дутам мөн дарагч
Хавт Хасар мэргэн дүүт
Гайхамшиг төрсөн
Чингис хаан
Балар эртний хорон дайсныг
Баянхидан явж дарсан
Бэлгүтэй бөх дүүт
Билигт төрсөн
Чингис хаан
Хатиган Салжиман иргэнийг
Харцас боол болгосон
Хачигун нялх баатар дүүт
Хамгийн хаан эзэн болсон
Чингис хаан
Өөр өөр омогтон иргэнийг
Өөрийн эрхэндээн оруулсан
Өчигин сэцэн нялх дүүт
Өлзийт төрсөн
Чингис хаан
Төв их хааны биед чинь
Түшээ болон төрсөн эзэн хатан
Дөрвөн их дүү чинь
Энд бүхүй бэр ажаамуй
Зорьж ирсэн дайсныг
Золгох дутам дарагч
Зүчи эзэн их хөвгүүнт
Зохист төрсөн
Чингис хаан
Цагаан харыг ялган явж
Цагаар өглөгийг соёрхогч
Цагаадай сэцэн хөвгүүнт
Цав алдар их төрсөн
Чингис хаан
Өөр өөр хэлтэн иргэнийг
Өөрийн эрхэндээ оруулсан
Өгдэй хан хөвгүүнт
Өлзийт төрсөн
Чингис хаан
Туул сахари цагаан хадыг
Түшин явж өөртөөн нутаглуулсан
Тулуй сэцэн отгон хөвгүүнт
Туг бүрээ цэрэгт төрсөн
Чингис хаан
Төрийн эзэн хааны
Төрсөн дөрвөн хөлөг хөвгүүн чинь
Ерөнхийд эзэн болсон
Сод богд нагацат
Сотай хатан эхт
Явган тэргэн эцэгт
Ялгарал үгүй санаат
Яндаш үгүй хүнсэт
Нармайн даруулга болсон
Дөрвөн эрхчүүдийг мэдэгч
Дөрөлчи /төрөлхи/ тайш чинь тэр ажаамуй
Нарны хилд болохсонд
Найман шарга агтыг чинь
Хулгай дээрэм авсан учирт
Буян эзэн биеэрээн
Даранхудун нэхэж
Тэрхи хонгор морион унаж
Давтмал болдоо бөгтөрж
Хөх нуурын тэргэл дээр нөхцөн тус болсон
Наху баяны хөвгүүн хөлөг Боорчи
Нармайн эзний төлөө
Намаг суулга газарт дагал болж
Найман шарга агтыг чинь нэхэлцэж
Төөрөхийн их хүрээн дотроос
Төмөр чөдөртэй дүүлэн гаргаж
Түүртэл үгүй аван ирэхүйд
Бодисун нэрт ордонд бууж
Бор дарсаар ундаалан сууж
Нахуун хөвгүүн Боорчи тэнд дархлаж
Насан бүрийн хүчээн өгсөн
Чин зоригт үнэн сэтгэлт
Аралтай Боорчи ноён тэр ажаамуй
Түймэр мэт дайсныг чинь
Түүртэл үгүй дарж
Туг сүлдийг чинь тэвэрч
Төөрөл үгүй суугч
Дөхирэл /цөхрөл/ явдалт
Хуримын өдөр
Хусан тэнхлэнгийг чинь барьж
Мөрийн өдөр
Мөсөн болдыг чинь барьж
Монголыг мохоож
Тайчуудыг дарж
Будан өдөр чинь эс төөрүүлсэн
Булх өдөр чинь эс буруулсан
Жалайрын Мухулай ноён чинь тэр ажаамуй
Бусгал үгүй чин зоригт
Будилал үгүй мэргэн санаат
Буруулал үгүй зүтгэн явж
Болзсон зарлигаар чинь бууж
Булх суманд оногдож
Босоод хатуужин хатгалдсан
Бэхи Сорахтайн хөвгүүн Өгүшидэй
Буурал ноён чинь тэр ажаамуй...
Далай мэт хумх сархадыг чинь хадгалж
Дагаш үгүй их өтгийг чинь засаж
Шивэр /авир/ зарлигыг сонсож
Ширби хутгыг чинь хадгалж
Шимтэн явж хүчээн өгсөн
Тамга үгийг эндэл үгүй хэлэгч
Татартай Шихихутаг ноён чинь тэр ажаамуй
Харьтан дайсантай хатгалдан явахад чинь
Эрмэг цагаагчинаа онож эндсэнд
Эрдэнэт алтан бие чинь зовсонд
Эндүүрэл үгүй ирж хүчээ өгсөн
Ал хиурыг чинь ардаан тавьж
Алтан хуурыг чинь өвөртөөн тэвэрч
Алахсал үгүй хүчээн өгсөн
Бэсүдэй Зэв илдэч чинь тэр ажаамуй
Улсын урд туршуул болж
Отох гөрөөсний отлого болж
Улс иргэнийг чинь сарниасан учирт
Унахын үгүйд морион унуулсан
Уухын үгүйд
Умд таргаар ундаалсан
Улсын эх Бөртгөлжин хатаныг ачирсан
Унтал үгүй нойрт
Уйдал үгүй сэтгэлт
Урианханы Жарчидай дарханы хөвгүүн
Урианхайдай Зэлмэ ноён чинь тэр ажаамуй
Ураг төрлийг чинь хүчин болгосонд
Улсын эзэн богдыг нуун явахад
Учирч тус болж
Унгасат тэрэгт нууж
Улсын эзэн болгож
Халхсад тэргэнд нууж
Хамгийн хаан болгож
Харьтан тайчуудыг бэдрэн явахад
Хариг усанд халхалж
Харил үгүй болзож
Хаш эрдэнийн биеийг чинь харж
Хан оронд чинь хүргэж
Хамаг их улсад чинь үзүүлж
Сур дөрөөг үл өгөх
Содон эмээлт ам цагаан хул алагыг өгсөн
Сүлдэсүт дорхан шар ноён чинь
Тэр ажаамуй
Онгийн голын ой хавцгайг хайн явахад
Монголын эзэн морин дээр гарч
Зүглэн явахад чинь
Зэгүлэн дутааж
Зөвшөөрч харин эргэж
Гурван гурав даван явтал
Гурван хар тугт дайсныг золгож
Тайчууд биш үү гэж
Таньж ядаж
Монгол биш үү гэж
Булх ядаж
Ойрд биш үү гэж
Олон ядаж
Тагнан таниж
Булхан мордож үзвээс
Хошуучлагч нь
Цусан жигүүрт халзан морьт
Өвч улаан хуягт
Битүү хар сахалт хүмүүний
Сахал доорхоны дор
Хуруу чичэм чөлөөг заан өгч
Захьсан зарлигаар чинь
Зайлуулан татаж
Сургасан зарлигаар чинь
Суглан татаж
Сунан унатал харвасан
Зүрчидэй Чуу мэргэн ноён чинь тэр ажаамуй
Хан эзнээн даган явж
Гайхамшиг зарлигыг чинь сонсон явж
Олон улсын оньсыг мэдэж
Уулзвар үгүйг чинь тордон явж
Хамаг улсын чинь хаалгыг мэдэж
Гадаад үйлсийг хичээн явж
Даян Монголын дотроос
Дальдрал үгүй
Олон Монголын дотроос
Осолдол үгүй хүчээ өгсөн
Ой дутамын сайн билигт
Ойрдын хар Хирау ноён чинь тэр ажаамуй
Энэ ертөнцийн тулх болсон
Эрдэнэт алтан биед чинь
Эндэл үгүй хүчээ өгсөн
Эрдэмт төрсөн өрлөгүүд чинь
Энд бүгдээр ажаамуй
Эндүүрэл үгүй буянаар оршсон
Эрдэнэт биеийг чинь асран хадгалсан
Энэ бүхүйн эзэн болсон
Төрсөн сайхан үрээ авалцаж
Түүтгэрэл үгүй хот болгосон
Олхонууд иргэний хал буян
Хонгирадын Дай сэцэн
Хэрэйдийн Онг хан
Ойрдын хутаг Чингд
Барилдсан эд
Дөрвөн хот чинь тэр ажаамуй
Аргамаг довцогыг унан явж
Алтат мөнгөтийг өмсөн явж
Асрал соёрхолд чинь хүртэн явж
Асар маш хүчээн өгсөн
Амраг баяагуудын Өлүй
Жамух, Жахамбу, Исгэмбү
Амрагаар учирсан
Дөрвөн анд чинь тэр ажаамуй
Ирээдүй үйлсийг ичнээгээс мэдэгч
Итгэлт сайн сэтгэлээр угтан явагч
Сэцдийн аялгууг дурдхан явагч
Сэрэл манжилгыг чинь хадгалсан
Сэцдийн эх болсон
Очир /өчиү/ сэцэн
Ойгоны Сарман сэцэн
Тангуудын Гоо сэцэн
Татарын Мөнх сэцэн
Эндэл үгүй билигт
Эрдэнэт дөрвөн сэцэн чинь тэр ажаамуй
Буруу сэтгэлтнийг хүчин болгосонд
Бурхан тэнгэрийн ивээлээр
Богд эзний соёрхолоор
Бултарил үгүй хүчээ өгсөн
Богдын дөрвөн дархад
Сүлдэсүн Чинбай дархан
Ихирэсийн Болонцог дархан
Зүрчидийн Чуу дархан
Зүхүридийн Булухан дархан
Эндэл үгүй хүчээ өгсөн
Эрдэмт дөрвөн дархан чинь тэр ажаамуй.
Тэнгэр эзэн богд дор
Тэнглэй хуяг хийж
Тэмцсэн дайсныг доройтуулсан
Өвч хуяг хийж
Өсөөтөн дайсны сүрийг дарангуйлсан
Болд төмөр зүрхэт
Бор чулуу биетэй
Боловсон үнэнээр явж
Богд эзэндээ хүчээ өгсөн
Монголын Шар орон
Хятадын Ван орон
Сартуулын Хэнгхэ орон
Тангадын Балба орон
Орны аргат
Усны зүйлт
Үлэмжийн дөрвөн орон чинь тэр ажаамуй
Хаан эзнээ
Харийн дайсан дор зорин одохуйд
Хайр их овгийг
Хайн явахад
Харгуй их замыг хэдэн явахад
Өндөр уулын өлд хөтлийг зааж
Өргөн далайн олмыг зааж
Өсөөт дайсанд
Өлссөн барс
Өлөнгөтсөн чоно
Өрөнхөдсөн бүргэд мэт довтолж
Охид хөвгүүдийг нь олз болгож
Уулын оргилд тагт болж
Усан далайд олом болж
Өдөр идээ үгүй
Шөнө түүдэг үгүй газарчилсан
Сартуулын Вар газарч
Солонгосын Бэлх газарч
Ойрдын Тооху газарч
Уриаханы Тамах газарч
Эндэл үгүй хүчээ өгсөн
Эд дөрвөн газарч чинь тэр ажаамуй
Хас чулуу мэт яст
Хар ус мэт цуст
Харил үгүй санаат
Хальтрил үгүй зоригт
Харьтан дайсантай тохиолдоход
Хатуужин явж
Хүчээ өгсөн Сүбэйдэй баатар
Сөнөдийн Хилүгдэй баатар
Оолидын Чөлүгүдэй баатар
Мангадын Хойлдор баатар
Хар эрээн барс мэт
Харил үгүй зүрхэт
Дөрвөн баатар чинь тэр ажаамуй
Хортон дайсанд чинь
Хороолон буусан
Арван гурван түмэн отог чинь
Захын их хүрээ чинь
Хотлон буусан
Хоёр жаран хороо чинь
Шадарлан буусан
Шилгадаг дэгүрэг хороо чинь
Алтан орд харшийн чинь чимэг болгож
Ар өврөөр дөрвөн давхар буулгасан
Дэгүрэг хороо чинь энэ бүгдээр ажаамуй
Муу сэтгэлт дайсныг мохоон өгсөн
Моголцог их төрийг чинь сахин хадгалсан
Мундашгүй хүнсэт молор эрдэнэ мэт биет
Дөчин түмэн хөх монгол
Дөрвөн түмэн ойрд чинь ажаамуй
Хот балгасыг чинь захиран сууж
Хотол бүгдийг чинь хороолон сууж
Годон хэрмийг чинь засан сууж
Алтат магнагийг ард чинь тавьж
Алтан мөнгөн эрдэнээр аяга хийж
Амтат идээг аманд чинь барьж
Арвай буудайг чинь тарьж
Асар маш хүчээ өгсөн
Орон улаан хятад улс чинь
Тэр бүгдээр ажаамуй
Шимсгэл хотыг босгож
Ширэгэр алтат торхыг чинь нээж
Сайн амтат идээг чинь тарьж
Шилбэр арслан шонхорыг чинь хадгалж
Сахал үсээ хяргасан
Баруун этгээдийн гучин таван сартуул
Баян Сири улс чинь тэр бүгд ажаамуй
Ургах нарны язгуурт
Үнэхэн мөрний нутагт
Унасан цасны идэшт
Булган хэрмэн дээлтэй
Цагаан солонгос улс чинь
Тэр бүхий ажаамуй
Бурхан номыг дэлгэсэн
Буян үлгэрийг тархаасан
Хад газар нутагт
Хар модон хаалгат
Хадаргат хар гэрт
Хадын адгийн үй түмэн номч
Хар дөрвөн улс чинь тэр бүгд ажаамуй
Энэ бүхий улсыг чинь
Эзлэн төрсөн
Эзэн хатан
Зовон зүхэж
Зохион хураасан
Таван ангид аймаг улс чинь
Энэ бүгд ажаамуй
Туулах начны жигүүр болсон
Дуурах тэрэгний чүүг хадгалсан
Жиргэх начны жигүүр болсон
Жихрэх хасгийн мөөрийг хадгалсан
Дуулах бүргэдийн химүсөн болсон
Эрхийдээ ончит
Өвчүүндээ цөст
Уул мэт сод цагаан гэрийг чинь
Осолдол үгүй хадгалсан
Умартал үгүй хүчээ өгсөн
Наранд өдөр төрсөн
Найман цагаан гэрийг чинь хадгалсан
Төрийн төв
Түмний ах болсон
Болд төмөр зүрхэт
Баатар Ордос түмэн чинь
Энэ бүгд ажаамуй
Өндөр их сүрийг чинь
Өрдөөн тулсан
Өргөн хошахуйг чинь
Хавиргандаа тулсан
Хүйтэн газар аялан явахад
Хүмүүлт мөс хэмлэн явахад
Хулан гөрөөсөөр хусар бэлдэж
Хулгар тарвагаар зулам бэлдэж
Худаг усыг малтан гаргаж
Хулгай дээрмийн чинь дарлага болж
Ар дэгэлбүрийг чинь хадгалж
Алтан хөмрөгийг чинь сахин суусан
Албат Урианхай түмэн чинь
Тэр бүгд ажаамуй
Цавчих илдний чинь ир болсон
Цархи дуулгын чинь тал болсон
Бэгтэр хуягийн өнгө болсон
Бэрх цэргийн ирүүл болсон
Эрх биедээ эзлүүлэн өгсөн
Өндгөн цагааныг чинь бэлдэн хадгалсан
Өлзийт найман нутаг
Хуучин Цахар түмэн чинь
Тэр бүгдээр ажаамуй
Эрт язгуураас хүчээ өгсөн
Энэ бүх улс
Монголын хөрөнгө болсон
Урьд удмаас
Уйтгар үгүй хүчээ өгсөн
Улс монголын хөрөнгө болсон
Борхон өдөр эс зөрчсөн
Будан өдөр эс төөрсөн
Болзсон өдрөөс эс хожидсон
Исгэх таргийн хөрөнгө болсон
Түн их Еөншөөбүү түмэн чинь
Тэр бүгдээр ажаамуй
Хангайн ар нутаглан сууж
Харьт дайсанд чинь халх болсон
Халуун аминд чинь түшээ болсон
Эрэхийн үзүүр болсон
Харахын харуул болсон
Халх түмэн чинь
Тэр бүгдээр ажаамуй
Алтайн арын арван хоёр сүвийг хадгалсан
Гэрүдэй шувууны жигүүр болсон
Хэрээт морины гадас болсон
Цувах цэргийн сүүл болсон
Цохлох дайсны булан болсон
Орохын олз
Гарахын ганзагыг хадгалсан
Уулын овоо
Талын хөшөө болсон
Адгийг манах
Арван хоёр түмэд
Албат улс чинь
Тэр бүгдээр ажаамуй
Богд төрсөн Чингис хааны
Боол албат дотоод
Эвдэршгүй зургаан их түмэн улс чинь
Энэ бүгд ажаамуй
Онгуд, Баргуд, Буриад
Үсхин, Хүдэхин, Тоогод
Урианхан, Тэлэнгис, Зүчид, Хиргис
Бүлэн цүлэн улс чинь
Тэр бүгдээр ажаамуй
Гоо сайхан төрсөн
Хоёр охиноо холбон
Хойд газар нутаглуулж
Хот анд болон аливааг авсан
Дөрвөн түмэн ойрд улс чинь
Тэр бүгдээр ажаамуй
Хонжин зовж хүчээ өгсөн
Хожид урьд эс болсон
Хурц Хасар, бөх Бэлгүтэй, Хачигун
Гурван дүү нарт чинь албан өгсөн
Хорчин тэргүүлэн Оннигуд
Албат улс чинь тэр бүгдээр ажаамуй
Хазаар үгүй хулан лугаа
Хориг үгүй хөх чоно лугаа ханилаж
Цөл газар нутаглаж
Цөөвөр гөрөөсийг ангаа хийж
Хялгасан сахал сахиулж
Дэрсэн гаци дэрлүүлж
Тасын харыг
Чонын хөхийг
Авч ир хийж тавьсан
Анчин Мэргид улс чинь
Тэр бүгдээр ажаамуй
Алаг адуутан
Алтан учигтан /тулгатан/
Мөнгөн бүлүүртэн
Булган дээвэртэн
Халиун туургатан
Нагар цагар нутагтан
Бүлэн цүлэн улс чинь
Тэр бүгдээр ажаамуй
Нармай улсын цэргээ аван одож
Нантай их мөрний хязгаар хүрч
Нанжчин нэрт хотыг эзлэн сууж
Нанхиад хятад улсаас албыг авсан
Наран сарны гэрэл мэт
Нэр цолыг биедээн оршоосон
Элдэв чимгээр
Эр цэргүүдээн чимсэн
Эзэн хаан хатан
Өдрийн чинь өчгийг тогтоому гэж
Сарийн чинь тахилийг тогтоому гэж
Далай мэт их сархадыг чинь
Алтан цалан /болхи/ мэдүүлэн
Дэнхлэр мэт их өтгийг чинь
Мөнгөн тэвш мэдүүлэн
Замбативийн дээд богд эзэн эцэгтээ
Хуучин ёсот тахилаар чинь
Хан үр чинь мөргөн суунам
Тойгийн чинээ толгой билээ гэж
Тохойн чинээ бие билээ гэж
Цаасан чинээ арьсан билээ гэж
Цагаан хялганы чинээ амин билээ гэж
Хотилийн чинээ толгой билээ гэж
Хуурсан /гуурсан/ чинээ амь билээ гэж
Ертөнцийн дээд эзэн хатнаа
Царги, хуур, хөг дууг чинь хөдөлгөн суунам
Цав алдар нэрийг чинь дуурьсан суунам
Цагаар албан тахилыг чинь тахиж суунам
Цаглашгүй соёрхлыг чинь эрэн суунам
Алтан биеийн сүүдэр болсон
Ахул ач нар чинь мөргөн суунам
Нармай улсыг элбэрэн соёрх
Насан жилд хүргэн соёрх
Нааш хандаж элбэн соёрх
Хамгийн дээд хаан эзэн хатнаа
Хан ахул ач нар чинь мөргөн суунам
Харь дайсныг хамхлан өг
Хамаг улсыг нэмэн өг
Хан нэр цолд хүргэн өг
Хан ахул ач үрээ
Хайрлан өршөөн соёрхож
Богд Чингис хаан
Боржихиун ахул ач үрдээн
Буян хишгийг нэмэн өг
Алтан оосорыг гурамсан болгож
Алдар нэрийг өндөр болгож
Аливаа хүслийг ханган соёрх
Эрдэнэт төрсөн эзэн хатан
Энэ өчгийг өршөөн соёрх
Сод төрсөн эзэн хатны
Соёрхол их зарлиг чинь мэдтүгэй.
Хожим нэмж зохиосон бололтой 15 бадаг
Боржихин сэцэн хааны есөн өрлөгийн ах
Хүй шонхорыг орхин явж
Хүчир зовиураар зовиурлан явж
Хун цэнгийг дээш бариулж
Хутагт хан зайсан эрийг биедээн оршоосон
Ууль шувуун эцэгт
Уур модон эхт
Уйгадын Бадма тайшийн үр бишүү түгэл
Хань мунхагыг чинь засан явж
Гал түлээг чинь зэрэглэн явж
Хан зайсангуудад чинь хүчээ өгсөн
Харчин түмнийг мэдүүлсэн
Галч Доохай ноёны үр бишүү түгэл
Тэмээний хорголоор
Түг зэрэглүүлж
Тэгшит төр байгуулсан
Тэнхлэг сэцэн хаан
Тэмдэгтэй явж хүчээ өгсөн
Уйгад түмнийг мэдсэн
Иншир хот мянганы ноёны үр бишүү түгэл
Салхин бороонд сандан байхад
Сайтар явж хүчээ өгсөн
Сацахун махуй аюул үгүй
Саарал алахсал үгүй хүчээ өгсөн
Сандал үгүй зоригт
Монголжин түмнийг мэдсэн
Жөхүдийн Буха үр бишүү түгэл
Сэцэн хаанд хүчээ өгсөн
Сэцдийн аялахыг мэдсэн
Цэнгэл хуримыг захирсан
Цархи түмнийг мэдсэн
Цавцаг ноёны үр биш үү түгэл
Сартуул улсаас элч ирсэн
Сэцэн хаантай найз болсон
Сайтар явагч хүчээ өгсөн
Багарин түмнийг мэдсэн
Баян ноёны үр бишүү тэгүл
Баатарлаг явж хүчээ өгсөн
Батат явж үнээгээ авсан
Барал үгүй хүнсэт
Мартал үгүй санаат
Баягууд түмнийг чинь мэдсэн
Дөрээн ноёны үр биш үү түгэл
Шөнө өдөр уйдал үгүй явж
Сургааль зарлигыг сонсон явж
Сүлдэтэй баатар нэр авсан
Сөнөд түмнийг мэдсэн
Сэцэн Цэрби ноёны үр бишүү түгэл
Ирэх дайсанд харуул болсон
Идээ хуримын тэргүүн болсон
Их түмнийг мэдсэн
Мөнх ахлахын үр биш үү түгэл
Хот балгасыг босгосон
Хуучин өнүгрүн тэргүүн болсон
Хожид урьд эс явсан
Хонхтон түмнийг мэдсэн
Гэгээн ахлахын үр биш үү түгэл
Сэцэн хааны гагц
Алтан гургалдайг авсан
Наран хааны үр биш үү түгэл
Үрэн /үрэх/ үгүй болхул / ? үг алга /
Улсыг Буриад, Ойгуд, Цавтан
Хатахин, Салжигууд, Тайчууд
Ойн оройгоор
Уулын тэргүүгээр оршигчид
Алаг адуутан
Алтан учигтан
Мөнгөн бүлүүртэн
Эд улсын үр бишүү түгэл
Ойрд Монгол хоёр тасралдахад
Боржихиныг хааж уул болсон
Ойрдын Үхидэй
Харчины Булай
Сартуулын Буянтай
Хэгүдийн баян Суурь
Эд дөрвөн хүмүүний үр биш үү түгэл
Сэлбэр дуулгат
Даян хааны Мандухай хатныг
Дайнаас авч гарсан
Баарины Баян бөх
Бат бөх Балад бөх
Эд дөрвөн дархан бөхийн үр биш үү түгэл
Уйгадын Жалайр
Буруу сэтгэлт болсонд
Унасан сайн борхул морио бууж өгсөн
Хонгирадын баян
Гүрсэн дарханы үр бишүү түгэл
Салах сэтгэлтэнийг хүчин болсонд
Сайн алгийг эцэгт нь
Эсэннээр хүргэсэн
Үгүсэний Бансахул
Еөншинбүүгийн Дуурах
Тангудын Төмөр тайш
Монголжины Гэлэгэй хасаг
Бухасын Энгүр
Цойн Дөргэн
Хонжихирын Тоймог
Энэ долоон хүмүүний үр биш үү түгэл.
Тайлбар. “ Чингис хааны их өчиг” хэмээх энэн шүлэглэлийг гурван зүйлийн эх бичгийг нийлүүлэн тулгаж нэгтгэн хуулж бичив.
Тэр гурван зүйлийн эх нь:
1.
Өвөр Монголын Ордос нутаг дахь Чингисийн онгон сүлдийн ордонд байгаа
Алтан дэвтэрээс 1956 онд хуулж авсан бичгийг хэрэглэв. Уг Алтан бичиг
уранхай тасархай болсон ба уда дараа дахин дахин хуулахдаан ташаа
болгосон цөн үгүй байх мул бидний “Их өчөг”-ийн хуулга ч төдийлэн сайн
болж чадсангүй.
2.
Монгол ард улсын номын санд байгаа “Богд Чингисийн өчиг оршивой” хэмээх
нэртэй бичмэл шар дэвтэр болмуй. Чингисийн Алтан дэвтэрийн нэг хуулга
болох энэ номын үсэг утга алдаа мадаг нэн үлэмж боловч бусад хуогатай
харьцуулан үзэхэд бас ч тустай байлаа.
3.
Чингисийн онгоны ордон дахь Гүрвэлжин гоо хатны онгоны Хонжин түшмэлд
Чингисийн Алтан дэвтэрийн нэг бүрэн сайн эх буй. Үүнийг гэрэл зургаар
хуулж авсан боловч зарим хуудас балархай болсон ба ялангуяа мөрийн
завсараар оруулан нөхөж бичсэн жижиг үсэг маш балархай болжээ.
Энэ
эх болвоос Чингисийн онгоны ордогд байгаа эхүүдээс хамгийн тодорхой
сайн бичигтэй нь юм. Мөн дэвтэрийн нүүрийн хуудсан дээр Энх амгалангийн
61-р онд хуулж бичсэнийг тэмдэглэсэн байна. Энэ бол 1722 он болно. Энд
хэвлэж байгаа “ Чингисийн их өчиг”-ийг бэлтгэхдээ дурдсан гэрэл зургийн
хуулгыг гол болгож баримтлаад нөгөө 2 хуулгаас зарим үг өгүүлбэрийг
нөхөн авч бичсэн болно. Шүлгийн дотор хаалт дотор гар оруулж бичсэн үг
бий. Энэ бол Энэтхэг үгийн тайлбар бус. Хэдэн зүйлийн эх бичигт хэдэн
янзаар бичигдсэн тохиолдоход аль нь зөв болхыг мэдэх үгүй болоод тэр.
Чингисийн Алтан дэвтэрийн дотор байгаа энэ “өчиг” ба “төгөл /түгэл/”
гэдэг хоёр зохиолын бадаг бүрийн төсгөлийн хэдэн үг ялгавартай боловч
бадаг бүрийн доторхиүг ав адил тул “өчиг”-ийг “төгөл”-тэй нийлүүлэн
хянаж бас зарим үг үсгийг засамжилав. Харин “төгөл”-ийг 16-р зууны үед
нэмж зохиосон бололтой. 15 бадаг шүлэг байх. Үүнийг тусгайлан сийрүүлж
хавсаргав. Үүнээс үзэхэд “өчиг”,”төгөл”-ийг нэг мөсөн зохиосон бус. Улам
улмаар зориосон нь мэдэгдэж байна... гэж Ц.Дамдинсүрэн гуай өгүүлжээ.
Миний хувьд арай ядан буулгав. Алдас, эндэл байх аваас эрхэм уншигч авгай өршөөн хэлтрүүлэм буйзаа. 2011.12.19 Булган хот. Төгсбадрах" гэжээ.
No comments:
Post a Comment