Monday, March 4, 2019

ЭКСПОРТ, ИМПОРТЫН ЗАРИМ МЭДЭЭ

Эдийн засаг сэтгүүл 2018 оны №04-д нийтлүүлэхээр өгсөн:
А. Чулуунбат,  ЭКСПОРТ, ИМПОРТЫН ЗАРИМ МЭДЭЭНИЙ ТҮҮВЭР
Тооцооны аргачлал: МУИС-ийн Аж үйлдвэрийн инженер-эдийн засгийн ангийн 1970-1975 оны оюутан бид нарт эдийн засаг-математик-статистикийн арга, загвар, удирдлагын (тэр үед “менеджмент”, “менеджер” гэж бичдэг байсан) онол, регрессийн шинжилгээ, экспоненциал, дифференциал тэгшитгэл, хамгийн бага квадратын арга (least square method)-ын талаар лекц-хичээл заасан академич Т.Дорж, доктор профессор Л.Гүржав, Н.Цэнд, С.Доржсүрэн, Б.Цэрэндорж (анги даасан багш), В.А.Новиков, дээд математикийн багш С.Дэнзэн, Ч.Раднаа, шугман ба шугман бус программчлалын багш Н.Логи, тооцоолон бодох машин заасан багш С.Бямбаа, математик-статистикийн багш Бадарч, Г.Элдэв-Очир, С.Хандсүрэн нарынхаа бүтээл (4, 5, 6)-ээс ашиглаж, Олон улсын худалдааны төв (International Trade Centre)-ийн болон Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны статистикийн мэдээллээс холбогдох тоо баримтыг түүвэрлэн ажиглаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тооцооны аргачлалыг ашиглаж, энэ үндсэн дээр таван жилийн хоорондох чиг хандлага, жилийн дундаж өсөлт, бууралтын өөрчлөлтийг /хурдыг/ тооцооллоо.
ЭКСПОРТЫН ЧИГ ХАНДЛАГА
Дэлхийн улс орнуудын нийт экспорт
Өмнөх онтой харьцуулахад дэлхийн нийт экспортын хэмжээ (Ewt) 2017 онд 10 хувиар өсөөд 17,545,700,714.0 мянган америк доллартай тэнцжээ (Зураг 1). Үүнд БНХАУ 12.9%-ийг, АНУ 8.8%-ийг, ...Монгол улс 0.035%-ийг эзэлжээ.

Урьдчилсан гүйцэтгэлээр 2013-аас 2017 онуудын хооронд дэлхийн улс орнуудын нийт экспорт (Ewt)-ын хэмжээ нь жилд дунджаар 3.1 хувиар буурсаар иржээ. Үүнийг яаж тооцоолох аргыг авч үзье: Он тус бүрийг ti гэе. ln нь натурал логарифм юм.
2013 онд ln(Ewti)=23.66 гэх мэт. Харилцан урвуу функц учир е^23.66=exp(23.66) болно.

2017 онд ln(17545700714.0)=23.5880747832861=23.59. Дараах тэгшитгэлийн коэффициентийг нь ашиглан тооцоолно. Үүнд:
ln(Ewt)=23.6-0.0318t
{POWER(EXP(1);-0.0318)*100-100}=-3.1%.

2013-2017 онуудын хоорондох манай экспортын жилийн дундаж өсөлтийн хурд (эерэг өөрчлөлт) нь ойролцоогоор 6 хувь байв (Зураг 2).

2018 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6480.7 сая америк долларын бараа, түүхий эдийг экспортоор гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 14.0 хувиар нэмэгджээ. Энэ хугацаанд манай улсаас газрын түүхий тос, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг 100.0 хувь, зэсийн баяжмалын 99.4 хувийг, чулуун нүүрсний 98.9 хувийг БНХАУ-д; жоншны 64.9 хувийг БНХАУ-д; 35.0 хувийг ОХУ-д; үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д; самнасан ноолуурын 82.6 хувийг Италид; богийн арьс, ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д; боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100.0 хувь Их британид тус тус экспортолжээ. Дээр дурдсан нэрийн бараа нь манай экспортын дүнгийн 91.5 хувийг эзлэв. Экспорт 2018 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеийнхээс 794.2 сая америк доллароор өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.1 тэрбум америк доллароор, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 79.3 сая америк доллароор өссөн нь голлон нөлөөлжээ (3).
Нүүрсний экспорт
Манай нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хэмжээ нь үнийн дүнгээрээ 2008 онд 7.2%, 2009 онд 16.2%, 2010 онд 30.2%, 2011 онд 46.96% байсан бол 2018 оны эхний 11 сард 40.4%-д хүрлээ. Манай чулуун нүүрсний экспортын биет хэмжээ нь 2013-аас 2017 (t1-ээс t5) онуудын хооронд жил тутам 15.2%-иар өссөн чиг хандлагатай байв. Үүний тэшитгэлийн хэлбэр нь Нсая.тонн=13726e^0.1411t болно. 2017 онд БНХАУ-ын чулуун нүүрсний импортын захад манай нүүрс үнийн дүнгээрээ 11.9 хувийг нь, биет хэмжээгээрээ 17.8 хувийг нь эзэлжээ (Зураг 3).

  Манай улс 2018 оны эхний 11 сарын байдлаар 2617.1 сая америк долларын үнэ бүхий 33.4 орчим сая тонн чулуун нүүрс (үүний 89% нь битумжсан нүүрс) экспортолжээ. Энэ хугацаанд манай улс дэлхийн 76 оронд бараагаа экспортолсон бөгөөд манай нийт экспортын 92.6% БНХАУ-д; 2.6% Их британид; дөнгөж 1.2% нь ОХУ-д ногдож байна.

ИМПОРТЫН МЭДЭЭНИЙ ТҮҮВЭР
Олон улсын худалдааны төвийн урьдчилсан гүйцэтгэлээр дэлхийн улс орнуудын нийт импортын хэмжээ нь 2013-2017 онуудын хооронд жилд дунджаар 3 хувийн хурдтай доошилжээ. Гэвч өмнөх онтой харьцуулахад 2017 онд 11 хувиар өсөөд 17,788,101,025 мянган америк долларт хүрчээ.Тухайлбал, 2017 оны байдлаар дэлхийн импортын захад АНУ 13.5%-ийг БНХАУ 10.4%-ийг, ОХУ 1.3%-ийг, ...Монгол улс 0.024%-ийг тус тус эзлэв.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2018 оны эхний 11 сард манай нийт импортын хэмжээ 1466.8 сая ам.доллараар буюу 37.6 хувиар нэмэгджээ.
Хуурай сүү, цөцгийн тос, төмсний импорт
Эдгээр (Хүснэгт 1, Зураг 4)-ийг гадаад орнуудаас импортолж худалдан авах тоо хэмжээг эрс бууруулах дотоод нөөц бололцоо, боломж, мэдлэг арга манайханд байдаг шүү дээ.


Манай улсын хэмжээнд 2018 оны эхний 11 сарын байдлаар цөцгийн тос 130.0 тонныг үйлдвэрлэсэн, 0.3 тонныг экспортолсон; гадаадаас 316.4 тонныг 1600.7 мянган америк доллароор импортолж авсан ажээ. Өөрөөр хэлбэл биет үзүүлэлтээр цөцгийн тосны үйлдвэрлэлт нь импортоосоо 2.4 дахин бага байна.
Цөцгийн тосны импортын хэмжээ урт хугацаанд өссөн хандлагатай байв (Зураг 4).

2018 оны эхний 11 сарын импортын мэдээнээс
Энэ хугацаанд манай улс 155 орноос гарал үүсэлтэй бараа импортолсон бөгөөд нийт импортын барааны 28.6% ОХУ-ынх; 33.9% БНХАУ-ынх; 3.6% АНУ-ынх; 9.6% Японых; 4.5% БНСУ-ынх; 2.9% ХБНГУ-ынх ажээ (83.1 хувь болно). Импорт 5.4 тэрбум америк долларт хүрсний үр дүнд гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум америк долларын эерэг дүнтэй гарчээ. Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нь нийт экспортын 94.9 хувийг эзэлсэн бол эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт нь нийт импортын 66.8 хувийг эзэлжээ.
Монгол улс, ОХУ-ын хоёр талын худалдааны зарим мэдээ
Монгол улс, ОХУ хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2017 онд 1286849.3, үүнээс манай экспорт 67661.1 мянган америк долларт хүрч, манай талын тэнцэл 1151527.1 мянган америк долларын сөрөг дүнтэй (алдагдалтай) гарчээ. Монгол, Оросын хоёр талын гадаад худалдааны мэдээнээс үзвэл, 2018 оны эхний арваннэгэн сард манай тэнцлийн алдагдал (манай талын экспорт, импортын зөрүү) нь (77733.3-1536286.4)=-1458553.1 мянган америк долларт хүрсэн бөгөөд манай импортыг экспортоор нөхөх коэффициент нь дөнгөж 5 орчим хувь байна. Засгийн газрын 2016 оны 185 дугаар тогтоолоор импортын зарим барааны гаалийн албан татвар 5 хувь байсныг нэмэгдүүлэн тогтоосон нь зүйтэй юм. Хоёр хөршийнх манайхаас арай ахиу байдаг тохиолдол, түүнчлэн саад бэрхшээл бий.
Одоогийн бодол саналаасаа хуваалцъя:
Иймд, Монгол Улсын гадаад худалдааны тэнцлийн сөрөг дүнг багасгах, арилгахад чиглэсэн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, худалдааны нөхцөлөө сайжруулах, гадаад худалдаан дахь саад тотгорыг харилцан судалж Монголын талын экспортын бараа, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээг алхам алхамаар нэмэгдүүлэх, хоёр талын худалдааг тэнцвэржүүлэх, Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг амлалтын хүрээнд экспорт, импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг харилцан ашигтай тогтоох, холбогдох асуудлаар хоёр талын ба олон талт хэлэлцээр хийх нь зүйтэй болов уу.
Монгол улсын нутаг дэвсгэр дэх гадаадын /хятадын/ хөрөнгө оруулалттай компаниудын үйлдвэрүүдээс, ажлын байрнаас бараа, ...мах, махан бүтээгдэхүүнийг нь юуны өмнө худалдан авах хамгаалалтын бодлогоо гадаадынхан ил, далд баримталж байна. Манайхны шийдвэр-зөв хариу үйлдэл-арга хэмжээ үгүйлэгдэнэ.
Иймээс Монгол Улсын иргэний жижиг, дунд үйлдвэр, ажлын байрны бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ багасахын хэрээр манайхны дотоодын захад, гадаадын захын хэсэглэлд эзлэх хувь багтаамж, орон зай хумигдах болно.
Гадаадын хөрөнгө оруулалттай корпорац, манай ганц хоёр компани ашигт малтмалыг олборлож эрдэс түүхий эдийг экспортлоод орлогоо гадаадын (оффшор бүс дэх) банкинд байршуулсаар (валютын янагш ирэх урсгалыг боогдуулж), түүнчлэн зөвшөөрөл бүхий гадаадын ажилчныг оруулж ирүүлсээр байна. Харин манай улсаас эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан нөхөн үржихүйн насны залуу ажилчин, тухайн оюуны өмч гадагш урссаар байна.
Гадаадын, ялангуяа хятадын мөнгөтэй иргэнд болон “чээнж” гэгчдэд, гадаадын компанид мал бэлтгэл, мах, хүнсний "үйлдвэр байгуулах-эрхлэх тусгай зөвшөөрөл" олгохоос татгалзах шаардлагатай. Үүнтэй холбоотой хууль тогтоомж, стандартын мөрдөлт-хэрэгжүүлэлт-хяналт хангалтгүй, нэгдсэн ба салбарын бодлого, удирдлагын тогтолцоо оновчой бус, дүрэм, журмын зарим заалтууд уялдаагүй байна. Худалдааны тухай хууль гаргах эсэх асуудлыг олон жил ярьж буй бололтой.
Зөвхөн Монгол улсын иргэдийн үндэсний компаниуд, үйлдвэрлэгчид, худалдаа, хоршоо, өрхийн аж ахуй эрхлэгчид, чинээлэг малчид, шинэ хөрөнгөтнүүд, хувьцаа эзэмшигч, инженер, технологич, менежер, эрдэмтэд нар стратегийн түншлэл, гэрээний хүрээнд:
 Биет ба биет бус хөрөнгөөрөө, мөнгө, хувьцаагаараа, оюуны өмч бүтээлээрээ хөрөнгө оруулалт хийх, энэ үндсэн дээр аймгууд, сумдад мах, махан; сүү, сүүн; арьс, ширэн; ноос, ноолууран бүтээгдэхүүний хувийн хэвшлийн, хувьцаат жижиг, дунд, томоохон үйлдвэрүүдийг бүтээн байгуулж ашиглалтад оруулах;
 Мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүнийг болон малын гаралтай түүхий эд, түүгээр хийсэн зүйлсийг гадаад, дотоодын захад цаг хугацаанд нь тоо, чанарын дээд үзүүлэлтээр нь тасалдалгүй нийлүүлэх. Амжилтад хүрэхийн төлөө:
o эрүүл, цэвэр бэлчээртэй, өвс, тэжээлтэй болох,
o мал, амьтны гоц халдварт ба аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, мал сүргээ эрүүл өсгөж үржүүлэх,
o бүтээгдэхүүн нь вакцин, эм бэлдмэлийн үлдэцгүйн нотолгоо-дүгнэлттэй, газар зүйн заалт, гарал үүслийн гэрчилгээтэй байх,
o зориулалтын агуулахтай, тээврийн хэрэгсэлтэй болох,
o мал эмнэлгийн байнгын чанд хяналттай, малын эм бэлдмэл, вакцин тарилга нь зөвшөөрөлтэй байх, аюулгүйн дүгнэлт гаргуулах;
 "Нийлүүлэлтийн гинжин сүлжээний менежмент (Supply chain management)”-ийн туршлагаас судлан нэвтрүүлэх;
 Богино, дунд, урт хугацаанд дотоод, гадаадын тухайн барааны захад, ажил үйлчилгээний захад, түүний сегментэд (хэсэглэлд) эзлэх байр сууриа ахиулахад, орон зай юугаан тэлэхэд, хяналт-амжилтаа бататгахад чиглэсэн зорилго, мөчирлөсөн зорилтууд, төлөвлөгөө, төслийг гаргаж биелүүлэх;
 Ажилгүйдэл дорвитой буураагүйн зэрэгцээ эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн инженерүүд, техникч, технологичид, дизайнерч, зохион бүтээгчид, программчид, лаборант, судлаач, нарийн мэргэжилтэй ажилчин, операторч дутагдаж буй учраас судалгаа, дүгнэлт хийж, шийдвэр гаргаж арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
 Төрийн ба хувийн өмчийн оролцоотойгоор экспортын ба импорт орлохуйц зарим бүтээгдэхүүний уян үйлдвэрүүд, шинжлэх ухаан-технологийн цогцолбор (парк)-ыг, ялангуяа мэдээллийн ба нано, био гэх мэтийн дээд технологиуд, программ хангамж, хиймэл оюун ухаан, ухаалаг төхөөрөмж, чип, хавтан, бичил схем, шинэ материалыг сонгох, зохион бүтээх, машин техник хэрэгсэл, робот, модуль угсрах, турших зориулалттай ажлын байрууд, нэн шинэ мэдлэгээс суралцагч(4)-лабораториудыг бий болгох-хөгжүүлэх;
o Дээр дурьдсантай холбогдох төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх үе шатуудын (4) хугацаанд тэднийг болон сургагч багшийг их, дээд, тусгай мэргэжлийн сургуульд, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд, Политехникийн коллежид шинээр анги нээж сургаж бэлтгэх, онолоо хэрэглээ болгох;
 Мэдлэгээ капитал, оюуны өмч болгох, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, удирдлагын шийдвэр, төлөвлөгөө гаргаж биелэлтийг нь хангах хэрэгтэй байна.
Ашигласан цахим хуудас, ном:
1. www.trademap.org ITC calculations based on UN COMTRADE and ITC statistics.
2. http://www.customs.gov.mn. Гадаад худалдааны статистикийн мэдээлэл 1996-2017 он, 2018 оны эхний 11 сар.
3. www.1212.mn Зарим гол нэрийн барааны тоо хэмжээ, үнийн дүн 2013-2017, 2018 оны эхний 11 сар.
4. Т.Дорж. Менежмент (сурах бичиг), МУИС пресс хэвлэлийн газар: 2018
5. Л.Гүржав, Т.Дорж. Эдийн засаг-математикийн арга загвар (Онол практикийн асуудлууд), ШУА-ын хэвлэх. Улаанбаатар:1977.
6. С.Дэнзэн, А.В.Лощенко, Ч.Раднаа, Д.Цэдэндамба. Дээд математикийн бодлого бодох гарын авлага. Улаанбаатар хот: 1987.

No comments:

Post a Comment