Wednesday, November 14, 2012

“Чингис хаан ба даяарчлал”

“Чингис хаан ба даяарчлал” сэдэвт олон улсын хурал 2012.11.14-нд болов.
“Урьд байгаагүй асар том гүрнийг байгуулснаар
Евро азийн ард түмнүүдийг зам харилцаа, эдийн засаг, мэдээллийн сүлжээгээр холбож,
бие биенээ харилцан мэдэх болж техник, технологийн дэвшлийг түргэтгэжээ.
"Үүнээс Чингис хааны зүтгэлээр эхэлсэн даяарчлал хүн төрөлхтний хөгжил дэвшилд олон арван өөрчлөлт шинэчлэл, ахиц дэвшил авчирсан нь тодхон харагддаг”
гэсэн нийтлэг санаанд эрдэмтэд санал нэгдэж байжээ. Эх сурвалж: http://politics.time.mn/content/21161.shtml  Мэдээний линк: http://politics.time.mn/content/21161.shtml

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Эзэн хааныхаа үндэслэн байгуулсан Хархорум хотоо Ардчилсан Монгол Улсын шинэ нийслэл “Чингис хаан хот” хэмээн нэрлэж, бүтээн байгуулах ажлыг зураг төсвөөс нь эхэлж орчин үеийн хот байгуулалтын шинэ хандлагаар эхлүүлэх шийдвэрийг энэ 2012 онд багтаан гаргах саналыг дэвшүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хуралд хэлсэн үг  (Эх сурвалж: http://www.president.mn/mongolian/node/3043 )
Тэмүжин-Чингис бол 
Монголчууд бидний хаан бахархал юм
Дараах холбоос дээр дараад үзэж сонсоно уу:
http://youtu.be/qOw36xl12ik
Эрхэм хүндэт ард иргэдээ,
Хатагтай Ноёд оо,
Та бид их эзэн хааныхаа мэндэлсний ойг төр түмнээрээ тэмдэглэхээр цуглаад байна. Эдүгээгээс найман зуун тавин жилийн өмнө Монголчууд бидний их өвөг Тэмүжин-Чингис хаан мэндэлжээ.
Орчлонд элсний ширхэг мэт олон хүн мэндэлсэнтэй хэн маргах.
Гэвч хөрст дэлхийд мөрөө арилшгүй үлдээж алдраа дуурсгасан нь тийм олон биш.
Тэр дундаас бидний өвөг-эзэн богд Чингис хаан аргагүй тод билээ.
Дэлхийн хээлэнд нэрийг нь сонсоогүй хүн үлдээгүй шахам.
Тэнгэр нөмөрт их хаан Чингис оргүй хоосноос төрөөгүй юм.
Монгол ахуй дотроос тэр ургасан юм.
Хэрлэн голынхоо усыг залгилж, морио унаж, хангай тэнгэртээ тэр залбирч явсан. Тэмүжин ээжээ сонсож, гэрээ нүүлгэж, дүү нараа тэжээж өсгөсөн.
Тэр атга мойлны үнэ цэнийг мэддэг байсан.
Тэр өвөг дээдсийнхээ үлдээсэн бүхнийг хүч болгон өөртөө хураасан юм.
Тэмүжин амь нэхсэн зовлон дундаас тодорсон.     
Харьд олзлогдсон шарга морьдоо нэхэж тэр бусадтай анх харвалдсан.
Сүйт Бөртэгээ өмөөрч тэр анх дайтсан. 
Эрхэм нөхөд өө,
Чингис хаан “бие хэврэг билиг мөнх”-ийг багаасаа ухаарсан.
Өнөөдөр түүний тохож явсан эмээл нь алга.
Гэвч босгосон Монгол нь байна.
Босоо бичиг нь байна. (алга ташив)
Өнөөдөр түүний барьж явсан ташуур нь алга.
Гэвч бүтээсэн төр нь байна.
Буулгасан зарлиг нь байна.  (алга ташив)
Чингис хаан алт мөнгө цуглуулж яваагүй.
Тэр хүний сэтгэлийг хурааж явсан юм.
Түүний бие бидний дунд үгүй ч билиг нь үлджээ.
Чингис хааныг Өүлэн эх “эрдэмт Тэмүжин” гэж тодорхойлсон байдаг.
Тэр хатан ухааныг шүтэж амьдарсан.
Чингис хаан мэдлэгийг, урыг, ярууг, сайныг, сайхныг үнэлдэг хүн байсан.
Тэр зөвийг авамтгай, бусдыг сонсомтгой, муу сайн үгийг эн тэнцүү даадаг хүн байсан. Тэмүжин сэлэм шиг иртэй явахдаа ч олзны боолын өчиг дундаас буудайн чинээ алтан санааг алдалгүй шүүрдэг байсан. (алга ташив)
Чингис төрөө хуультай байхыг эрхэмлэдэг байсан.
Цэргээ урлагтай, бас дүрэмтэй, сахилгатай байхыг эрхэмлэдэг байсан.
Зон олноо ёс журамтай амьдрахыг эрхэмлэдэг байсан.
Хүн уйлж төрдөг ч дүрэмтэй амьдрах ёстой.
Хүний ялгаанаас бус хуулийн тэгшээс шударга ёс эхэлдэгийг, бас төлөвшдөгийг тэр ойлгосон хүн байлаа.
Сайхан орд харшаас, сайн ёс заншил илүү урт насалдагийг тэр мэддэг хүн байлаа. (алга ташив)  
Чингис хаан дэлхийд байхгүй том улс гүрэн байгуулсан ч өөртөө хөшөө дурсгал босгохыг урьтал болгоогүй юм.
Хатагтай, ноёд оо,
Чингис хаанаас өмнө бас хойш түүний байгуулсан гүрэн улс шиг томыг, ихийг, далайцтайг хэн ч байгуулж чадаагүй юм. Гэхдээ Чингис ихийг багаас эхэлсэн.
Тэр төр улсаа төвхнүүлэх их ажлаа биеэ, гэрээ төвхнүүлэхээс эхэлсэн.
Тэр цагийн салхинд цохиулж бутарсан аргалын цог шиг овог аймгуудынхаа тэмцэл зөрчил дунд ширээгдэж тодорсон.
Бутарсан улсаа нэгтгэх нь Монгол овогтны аврал гэдгийг тэр харсан.
Тэгэхгүй бол Монголчууд сүйрэх нь гэдгийг тэр ойлгосон.
Гадны хатгаасанд автан хэмлэлдэх биш, дотроо хүчээ нэгтгэхийг тэр эрхэмлэсэн.
Тэр чадсан.
Чингис эзэнт гүрнийг, төртэй гүрнийг, хуультай гүрнийг байгуулж чадсан. (алга ташив)
           
Эрхэм Монголчууд аа,
Чингис хаан төрийн засаглалыг хуулийн засаглал гэж үздэг байсан.
Монголчууд гэртээ ороод ёс заншлаа, гэрээсээ гараад хууль дүрмийг дагаж ирсэнард түмэн. (алга ташив)
Та бид хуультай төртэй гүрний үр сад.
Та бид ёс журамтай ээж ааваас үүссэн хүмүүс.
Та бид ахмадаа алд, дүүгээ дэлэм хүндэлж ирсэн.
Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна гэж хэлэлцдэг.
Та бид хуультай хаанаас төрсөн ёстой, журамтай, ястай хүмүүс. (алга ташив)
Монголчууд бид өөрсдийгөө “ястай мах иддэг ёстой хүн” гэж ярилцдаг.
Энэ бол Монгол хүн хууль журам,ёс заншлаа дагадаг хэвшилтэй гэдгийг хэлсэн үг.
Хууль биелүүлдэг хүнийг ,төрийг,түшмэдийг “сайн” гэж тодотгодог уламжлал бидэнд бий.
Чингис хаан “алтан төр” гэж сургасан удаатай.
Их хаантан “Алтан төрийг хатамжлан дагавал ариун нэр ирнэ” гэж хэлдэг байсан. Алтан төрийг хатамжлан дагана гэдэг бол төрийн хууль тогтоомжийг ялгамж үгүй даган биелүүлнэ гэсэн үг.
Өнөөгийнхөөр бол хуулийг иргэн ч биелүүлнэ, түшээ нь ч биелүүлнэ гэсэн үг.
Баян нь ч хуулийг дагана, ядуу нь ч хуулийг дагана гэсэн үг.
Хуулийг зөрчсөн бол даварсан дарга ч шийтгэл хүлээнэ, иргэн ч хариуцлага хүлээнэ гэсэн үг. (алга ташив)
Хүн үйлдлээ хариуцах ёстой. Түүнийг шударга ёс гэдэг.
Ийм шаардлага Чингисийн үед ч байсан.
Өнөөдөр ч байх ёстой.
Ийм тогтсон сайн ёсыг хүн төрөлхтөний үнэлэмж, үнэт зүйл гэж үздэг.
Төр улс оршихын үндэс бол хуулийн шударга хэрэгжилт.
Энэ зарчмыг бидний өвөг дээдэс хэлбэрэлтгүй мөрддөг байсан.
Хуулиар тохинуулсан улс гэр бат бөх гэдгийг тэд мэддэг байсан.
Ямар ч хүний, төрийн, улсын явах зам бол хууль гэдгийг тэд яс махандаа шингэтэл ойлгосон.
Тиймээс ч тэд нэр хугарахаас яс хугарахыг илүүд үздэг байсан.
Хууль зарлиг зөрчсөнөөс, амиа өгөхийг илүүд тооцдог байсан.
Чингис хаан “алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай” гэж сургасан.
Ийнхүү Их хаантан “төрсөн бие минь мөнх биш ч, төр улс минь мөнх оршиг ээ” гэж зарлигдсан юм.
Ахуй төр, аюулгүй байдал гэдгийг Чингис хаан хууль зарлиг, түүний хэрэгжилт гэж ойлгож явсан.
Энэ бол Чингис хааны аугаа билиг шингэсэн сургааль билээ.
Ялгамж үгүй хэрэгждэг хууль, дэг журам л төрсөн бүхний ард хоцрох улс гүрнийх нь үндэс болдгийг Их хаан олж хэлсэн нь энэ юм.
Хатагтай, ноёд оо,
Чингис хааны үед дэлхий агшсан юм.
Бүр талаа хүртэл агшсан.
Чингис хаан дэлхий хязгаартай, хэмжээтэй гэдгийг хүн төрөлхтөнд мэдрүүлсэн. (алга ташив)
Чингис хаан дэлхийг хэмжээнд нь тавьсан хүн.
Чингис хаан дэлхийн сайн сайхныг зөвхөн орон зайн утгаар хараагүй.
Тэр дэлхийг дэглэм журмаар, энх амгалангаар засаглахыг зорьсон юм.
Дэглэм журам тогтвол энх амгалан тогтдогийг тэр мэддэг байсан.
Түүний хувьд аян дайн бол энхийг тогтоох арга байсан. (алга ташив)
Оросын их эрдэмтэн Лев Гумилев Чингисийн дайн хийх шалтгийг “үйлийн эрх” гэж тодорхойлсон байдаг.
Бусдын зүгээс үйл лай их удвал Их хаан эрхээ эдэлдэг байсан.
Монголчууд шалтгаангүй дайн өдөөдөггүй байсан.
Үйлийг дарж зөвийг хэрэгжүүлэхийн тулд тэд дайтдаг байсан.
Монголчууд зөвхөн дайлаад өнгөрөөгүй.
Дайлсан, очсон газар бүртээ үлддэг байсан.
Тэр үед бурууг зөв болгох, хатууг зөөллөх нь хэцүү ажил байсныг түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.
Монголчууд төрийг ард түмэн байгуулдагийг заадаг байсан.
Их хуралдай хийж их хэргийг хэлэлцүүлж байсан.
Сайн төрийн үндэс сайн хууль гэдгийг Монголчууд мэдрүүлсэн.
“Их засаг” хуулийг очсон газар бүртээ хэрэгжүүлдэг байсан.
Монголын эзэнт гүрэн баривал хуультай, шүүвэл шүүгчтэй байсан.
Залгамж чанар нь үл алдрах алтан аргамж, дотоод гадаад бодлоготой байсан.
Морьтой буухиач залган хурдлах морин гүйдэлд суурилсан өртөө шуудантай байсан.
Монголын эзэнт гүрэн аравтад тулгуурласан цэргийн нэгжтэй, түмд тулгуурласан захиргааны бүтэцтэй байсан.
Нэг хүн шиг аравт нэжгээд этгээдээс хүчтэй.
Арван хүн шиг зуут, зуун хүн шиг мянгат, мянган хүн шиг бумт улс үндэстний, төрийн  суурь болохыг тэд мэддэг байсан.
Харилцаа холбоо хөгжүүлж, татвар түрээс тогтоож, өмд өмсүүлж, цаасан мөнгө хэрэглүүлж, од эрхэсийг судлуулж, шинжлэх ухааныг дэмжиж, ном түүх бичүүлж, сургууль эмнэлэг, сүм хийдийг бариулж байсан.
Чингис хаан биеийн хүчнээс билгийн хүчинд илүүтэй итгэдэг байсан. (алга ташив)
“Сэтгэлийг нь эзэмдвэл бие нь хаа холдхов” гэж ярьдаг хаантан байлаа.
Тэрээр шүтлэг бишрэлд хүндэтгэлтэй ханддаг байсан.
Шүтдэг бурхан, уншдаг судар нь өөр ч хүний шүтлэг бишрэлд тэгш хандвал тэр эрх чөлөө болно. Улмаар амар амгаланд хүрч болно гэдгийг Чингис хаан мэддэг байсан.
           
Эрхэм нөхөд өө,
Чингис хааны үед дайн зөвхөн эвдлэн сүйтгэлт, эзэрхийлэн түрэмгийлэл байгаагүй. Дайн бол нээлт байсан. Царцанги түгжигдмэлийг нээх нээлт байсан.
Харгислал хатууг зогсоох,сайныг дэмжих холбох арга байсан.
Шинэ газар, шинэ соёл иргэншлийг олж, бас шинээр дэглэм журам тогтоодог байсан.
Тэр жинхэнэ утгаар нь Дорно, Өрнийг сэрээж, сэргээж бас холбосон юм.
Тэр хагацсан улсыг хамтатгаж, бутарсан улсыг бүрдүүлж явсан.
Чингис хаан хамгийн үнэт өв, хамгийн үнэнч нөхдөө дайн тулааны талбараас олдог байсан.
Дайн дажинг дэглэм журмаар номхотгож болохыг тэр бусдад заасан.
Дайн бол түүний хувьд засаглан шийтгэх, эзлэн тохинуулах арга байсан.
Тэр энэ аргыг өөрийн нутагт ч, хүний нутагт ч ялгамж үгүй хэрэглэсэн.
Тэр үйлийн эрхийг эдэлж, дайтаж явахдаа хүнийг, төрийг засаглах ухаанд суралцаж байсан.
Улсыг засах билиг сургаалийг цуглуулж бас түгээж явсан юм.
Чингис хааны амьдралынхаа турш цуглуулсан билиг сургааль нь нэгэн үед бус, мянган үед хүн төрөлхтөн хэрэглэж болох учир зүй-томъёолол юм. (алга ташив)
Тэмүжин  анд  нөхдөө жаргал цэнгэл дундаас олоогүй юм.
Түүний хамгийн үнэнч түшээд нь зовлон дундаас олдсон юм.
Боорчи, Мухулай, Зэлмэ, Сүбээдэй нар бол Чингис хааны зовлонгоо хуваалцаж олсон сайн нөхөд нь байсан.
Сайн хаанд сайн нөхөр хэрэгтэй.
Сайн төрд сайн түшээ хэрэгтэй. (алга ташив)
Чингис хаан өөртөө үнэнчээс илүүтэй төр түмэндээ үнэнч хүнийг хайдаг байсан.
Тэр замд тоссоныг бус зарчимд үнэнчийг дэмждэг байсан.
Тэр хоёр сэтгэлтэнг бус чин үнэнч, тууштай сэтгэлийг илүүд үздэг байсан.
Тэр өөрийг нь дагасныг магтсаныг бус, тэр өөрийн бодол санааны энд дүйцэхүйц хүнтэй шадарладаг байсан. (алга ташив)
Тэр өвөг дээдсийнхээ хэв ёсыг сахиж, бусдын ач тусыг мартдаггүй хүн байлаа.
Тэр ачлахаа ачилж, яллахаа яллаж, уучлахаа уучилж мэддэг хүн байлаа.
Эрхэм иргэд ээ,
Тэнгэрээс сонссон мэт, тэнгэрээс сурсан мэт Чингис хаан сайныг таних увьдастай байлаа.
Тэр нүдэндээ галтай, биедээ эрдэмтэй, оюундаа номтой хүн байсан гэдэг.
Чингис хаан таван эрдэм тэгш бүрдсэн, хүний чимэг явж дээ.
Тэр хүний сайныг олж нөхөрлөж, газрын сайхныг олж нутагладаг байсан.
Тэр тарааж явсан ч, цуглуулж явсан юм.
Тэр шижир адил шигшигдсэн эрдэнэ мэт бүгдийг түүж явсан.
Тэр сайн бүхнээ Монголдоо үлдээсэн. (алга ташив)
Монгол хүний чанарт, Монгол газрын гоо сайханд үлдээсэн.
Монгол төрийн ёс журамд, Монгол ахуйд үлдээсэн.
Зарлиг, сургааль, захиас болгож үлдээсэн.
Монголын нэр сүр, алдар суу, алдаршгүй түүх болгож үлдээсэн.
Эзэн Чингис богдын хөх толбот үр хойчис  нь эдүгээ ч ээж ааваа баясган мэндэлсээр байна.
Монголчууд улам олуулаа болох ерөөл үргэлжилж байна. (алга ташив)
Монголоо гэх санаанд Монголчууд нэгдэж улс гэрээ урагшлуулан дэвжээхийн төлөө зүтгэж байна.
Чингисийн байгуулсан төр нь сүлдтэйгээ, тамгатайгаа, эзэдтэйгээ мандаж явнаа. (алга ташив)
Монголын төр түмэн их эзэн хаандаа, Их Монгол гүрний есөн зууны өнгөн дээр ийнхүү ерөөл өргөж байна. (алга ташив)
Чингисийн цэргүүдийн унаж явсан намхан хээр морьд манай айл бүхний адуунд бий. Чингисийн төрж өссөн эсгий гэр Монгол нутгийн хээлэнд халуун голомттойгоо, унь тооно нь хөлөрсөн шиг орчлонгийн өглөө бүхнийг тосдог.
Түүний шүтэж явсан Монгол ижий нь Монгол хүн бүрт, Монгол айл бүрт заяадаг юм. Чингисийн өмсөж явсан дээл, хэрэглэж явсан бичиг үсэг , хэл аялгуу нь одоо ч байна.
Чингисийн их цагаан туг, хар сүлдийг манай ард түмэн, манай цэргүүд өнөөдөр ч шүтэж явнаа.
Чингисийн тогтоож  явсан хууль, шударга ёсыг Монголын төр өнөөдөр ч эрхэмлэн хатамжилж явнаа. (алга ташив)
Эрхэм Монголчууд аа,
Эзэн богд Чингис хаан бол Монгол үндэстний цаглашгүй орших оройн дээд шүтээн юм.
Чингис хаан хутагт хувилгаан байгаагүй.
Чингис хаан мах, цусанд төрсөн Монгол хүн байсан.
Монголчууд бид Чингис хаанаа ямар учраас үндэсний бахархал гэж үзэх болов оо!
Онон, Хэрлэн, Туулын эхэнд төрсөн тэр Монгол хүү Монгол үндэстнийхээ бахархалыг биедээ шингээж, баяжуулж, бас амьдруулж чадсан юм.
Үндэсний бахархал гэдэг бол хүнд шингэсэн, хүнээр дамжсан, хүний бүтээсэн бахархал юм.
Чингис хааны бүтээсэн түүх бол аугаа их, арилшгүй тод түүх юм.
Дэлхийн түүхнээс Чингисийн түүхийг салгах аргагүй.
Францын гоо Филипп, Ромын Папаас эхлээд Оросын вангууд, Хятадын Дао, Европын ханлигууд, Энэтхэгийн могул, Арабын султанууд Чингис хаантай болон түүний үр ач нартай харилцаж явсан.
Энэ түүх арилшгүй бөгөөд саяхны мэт санагдах нь гагцхүү тэнгэрийн таалал биз ээ.
Хүн төрөлхтөний хэдэн үедээ нэрийг нь андахаа байсан их хүмүүс бий.
Их Атилла, Юлиус Цезарь, Македоны Александр, Кристофер Колумб, Напольеон Бонапарт .
Гэвч тэдэнд мянган жилийн дуурсгалт хүн болох Чингис хааны өмнө алхах хувь дутдагиймаа. (алга ташив)
Тэр дэлхийг талд нь ортол агшааж, дэглэм журам гэдгийг ертөнцөд таниулсан.
Хүний шид төрийн ёсыг  хүн төрөлхтөнд өөрт нь ойлгуулсан.
Тиймээ. Тэнгэрийн элч, бидний хаан бахархал бол яах аргагүй Тэмүжин-Чингис хаан юмаа. (алга ташив)
Одоо цагийн эрдэмт зарим сартваахууд Чингис хааныг “өнөөгийн дэлхийг үндэслэгч” гэдэг дүгнэлтэд нэгдэх боллоо.
Монгол хаад очсон газар бүртээ хамгийн хатуу бас соёлтойд тооцогдож байсан нь тохиолдол биш ээ.
Тэд  хамгийн удаан орших дэг журам, үнэт соёл, билэг сургаалийг үлдээж байсан нь улам бүр тодорсоор байна.
Энэ бол Монголын, Монголчуудын түүх уламжлал соёл хичнээн их өгөөж үржил шимтэй, бас ямар их баялаг дундаршгүй болохыг илтгэх баталгаа юм. (алга ташив)
Эрхэм нөхөд өө,
Чингис хааны үр хойч дундаас түүний байгуулсан төр, улсыг сайн авч явсан нь ч бий, муу авч явсан нь ч бий.
Түүний нэрийг ашиглаж, зарлиг  хуулийг нь дагасан нь ч бий, умартсан нь ч бий.
Нэрийг нь хэлж алдар сууг нь магтахаас, ойг нь тэмдэглэхээс айж бэргэн, ялд унаж явсан үе ч Монголчуудад бий.
Гэвч Чингис хаан буман сумны зэвнээс тодрох ганц алтан зэв мэт цагийг нэвтлэн, цагийг эзлэн оршсоор байнаа. (алга ташив)
Түүний орших газар нь Монгол ахуй  Монгол төрийн дэг жаяг, хууль дүрэм.
Монголын дээд уламжлал, соёл, ёс заншил юм.
Иймээс Монголыг мэдэх гэвэл Чингисийг мэдэх хэрэгтэй.
Чингисийг мэдэх гэвэл Монголыг мэдэх хэрэгтэй. (алга ташив)
Чингисийн болон түүний үр хойчийн өв соёл, түүх бол оюунт хүн шавхаад дуусашгүй их юм.
Оюун мөхөсдөх их өв, үл зөрчигдөх төрийн ёс гэж байдгийг бидний хаан газарт буулгаж чадсан юм.
Их гүрний жаргал ч их, зовлон ч их байдаг.
Наран ургахаас наран шингэх хүртэл засаглахад зангараг хэрэгтэй.
Тэр тусмаа их гүрнийг засаглах зангараг.
Тэр зангараг бол цэрэг арми ч биш, зам харгуй ч биш, өр төлбөр ч биш.
Тэр бол Хүн гүрнээс эхтэй төрийн хатамжлан биелүүлэх хууль журам, дэглэм соёл байсан юм. (алга ташив)
Чингис хааны нэр их газар орон эзэлснээс илүүтэй, их хуулийг тогтоож их ёсыг сахиулж явснаар мөнхөрсөн юм.
Чингис хаанд нялуун магтаал зохихгүй.
Түүний тухай цаг хугацаа ярьдаг юм.
Эрхэм хүндэт ард иргэд, хатагтай ноёд оо,
Чингис хаан мөнх тэнгэрийн хүчинд итгэдэг хүн байсан.
Тиймдээ ч түүний бүтээсэн гүрэн улсын их соёл, энх амгалан, хөгжил дэвшил тэнгэр мэт мөнх оршдог юм. Эдгээр үнэт зүйлс газрынхны тэнгэрт хандсан мөрөөдөл болон өнөө ч оршсоор байна.
Их гүрэн үүсгэж, гүрэн улсын жаргал зовлонг тэнцүүлэх гэдэг газар заяатнуудын хувьд амаргүй.
Тэнгэр заяатны, зөвхөн тэнгэрт тэтгэгдсэн, түмний төлөө зүтгэх хувьтай хүний хийх ажил юмаа. (алга ташив)
Тэнгэрийн зарлигийг газарт өв тэгш хэрэгжүүлж чадах, тийм  хүмүүсийн хийх ажил юм.
Түүнээс биш өөрийгөө хууль зарлигийн дээр, бусдыг түүний доор барих гэдэг дур зоргоороо, хүсэл хясалдаа дийлдсэн нэгний хийх ажил бишээ.
Тэнгэрийн зарлиг гэдгийг энгийнээр,  одоочлон ойлговол хууль түүний тэгш хэрэгжилт юм шүү дээ.
Чингис хаан бол газрын зовлонг гаталж, тэнгэрийн заяаг олсон хүн юм.  (алга ташив)
Түүнд цаг үе ямар байх нь сонин биш байсан.  Хамаагүй байсан.
Тэр цаг үедээ гомдоллож, цаг үеэ хорлож яваагүй юм.
Тэр хэдэн давхар саад бэрхшээл, үзэн ядалт, атаархал хорслыг давдаг л байсан.
Тэр олон давхар хэрэм ордыг нэвтэлдэг л байсан.
Чингис хаан газар хичнээн уудам, ус хичнээн гүн, уулс хичнээн өндрийг ойшоодоггүй байсан. Тэр зовлон бэрхшээлийг тоодоггүй хүн байсан.
Тэр үйлийн эрхийг эрхшээж хүрэх газраа хүрч, хийх ёстойгоо хийдэг л байсан.
Тэр уул талын борог өвс  шиг олноос хүнд хэрэгтэйг, гүрэн улсдаа хэрэгтэйг олж хийж чаддаг байсан.
Монголчуудыг тэнгэр заяатай гэж үздэг.
Бид тэр заяандаа ч итгэдэг.
Учир нь бидний дундаас тэнгэрт заяат хүмүүн Чингис хаан тодорсон юм. (алга ташив)
Тэнгэр ч бидэнд хишгээ хайрласан.
Энэ Монгол газар шороон дээр биднийг төрүүлсэн.
Тэнгэр заяа гэдэг бол аминаас илүү хайрлах өвтэй, эрх ашигтай, тийм үнэтэй заяа гэж би ойлгодог. Тэр бол Монгол хүн болж төрөх заяа юмаа. (алга ташив)  
Би итгэдэг.
Бидний өвөг дээдсийн бие нь газарт, билиг нь тэнгэрт байгаа  гэдэгт би итгэдэг.
Бидний их өвөг хойчийн үр садаа харж ивээж яваа гэдэгт би итгэдэг.
Бидний өвөг дээдэс өөрийн зоргыг дарж, тэнгэрийн зарлигийг биелүүлж явсан хүмүүс. Тиймдээ ч тэд тэнгэрт тэтгэгдсэн юм.
           
 Тэнгэр заяат Монгол түмэн минь мөнх оршиг ээ.
Тэнгэрлэг эцэг- эзэн богд Чингис хаан минь мөнх оршиг ээ.
                                                                     (алга ташив)                     
 2012 оны 11 дүгээр сарын 14            

No comments:

Post a Comment