ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОЛБООС МОНГОЛ БИЧГЭЭР

Монгол бичгээр бичсэн цахим хуудасны холбоос нь:
https://www.facebook.com/BattulgiigDemjigch/videos/973307792822614/
http://www.president.mn/mng/
-оОо-
2019.02.05. Шинийн нэгэнд,"Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв" Бичлэгийн эх сурвалж: https://youtu.be/RH7NKw4IVOY
  -оОо-
https://youtu.be/nmZ-kYpo-P4

2018.11.08. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол бахархлын өдөр, Чингис хааны мэндэлсний 856 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааныг нээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Монголчуудаа,
Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа
Монгол бидний бахархал, дээд тэнгэрээс заяат Эзэн Богд Чингис хаан бээр билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн  билээ. Их хүмүүний мэлмий гийсний 856 жилийн ой-Монгол бахархлын өдөр болж байна.
Дэлхийн олон нийт түүнийг мянганы суут хүнээр тодруулсныг бид бүгд мэднэ. 2011 онд АНУ-ын Карнегийн хүрээлэн өөрсдийн судалгаанд үндэслэн Чингис хааныг “түүхэнд тодорсон удирдагч” хэмээн зарлаж байсан билээ. Монголд төдийгүй дэлхий дахинаа найман зууны туршид нэр алдар нь дуурссан аугаа удирдагч эзэн богд Чингис хаанаас минь өөр бий билүү. Богд эзэн болбоос удирдагч хүн ямар байх ёстойг биеэр үлгэрлэсэн, төрийг удирдахуйн жишиг дуурайл болсон сод манлайлагч байсан учраас үеийн үед дурсагдах их алдрын үрийг тарьжээ.
Түүхчид болон судлаачдын тодорхойлсныг тоочин дурдахад:
Плано Карпини: “Чингис хааны удирдлага дор дайн дажин, хэрүүл тэмцэл… намжин, дээрэм тонуул, хулгай үлэмж хэмжээгээр багассан. Тийм учраас монголчууд эд баялгаа хадгалдаг гэр, тэргээ түгждэг ч үгүй, цоожилдог ч үгүй” болжээ гэжээ.
Жужжани хэлэхдээ: “Газар хэвтэж байгаа ташуурыг ч эзнээс нь өөр хэн ч авч зүрхэлдэггүй болсон хэмээн тэмдэглэсэн бол Жүвэйни хэлэхдээ: “Чингис хаан завхайрал, хулгай зэрэг шившигт заншлыг монголчуудын дунд устгасан” гэж тэмдэглэсэн нь буй.
Германы судлаач П.Рачневский: “Чингис хаан бие хүнийхээ хувьд хүч чадал, зориг эрмэлзлийг чанд сахилгатай нэгтгэн билэг ухаандаа захируулсан нэгэн байсан. Хувийн амьдралдаа тэр зүрхний анд, халамжит эцэг байж, машид энгийн, ёс суртахууныг дээдэлдэг хүн байсан бол Төрийг удирдахдаа чанд хатуу сахилга батыг мөрдөх, хууль сахихыг шаарддаг цэгц удирдагч байлаа” хэмээн тодорхойлсон. Чингис хаан улсыг ард түмний билиг сургаал болон хуулиар л удирдах ёстойг сануулан захидаг байлаа.
Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак: “Чингис хааны үлдээсэн нэн чухал өв бол Монголын энх амгалан-pax mongolicа юм. Энэ энх амгалан үе нь Европ Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг олгосон гол хүчин зүйл болохыг түүхчид хүлээн зөвшөөрдөг” хэмээн тодоор үнэлжээ.

Би энд зориуд гадаадын түүхчид, судлаачдын үгийг дагнан эшлэж байгаа нь хөндлөнгийн дүгнэлт,  тодорхойлолт бодитой, эрүүл байдгийг баримтлан сануулсан хэрэг юм.
Их хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэхдээ бид түүний баримталж асан зарчим, сургаалийг эргэн санаж ажил амьдралдаа мөрдлөг болгох ёстойг эргэцүүлэх учиртай. Чингис хаан олны итгэлийг алдахыг хамгийн том нүгэл хэмээн үздэг байсан бөгөөд итгэл эвдэгчийг төрд тэрслэгч хэмээн хатуугаар цээрлүүлдэг байжээ. Их хааны сургаалд “Өчигдөр их сууринд суумагц, өнөөдөр улсын хэргийг орхиж биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй” хэмээснийг өнөөгийн бид үргэлж санаж явах учиртай.
Өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагад хүртэл сонгогчдын итгэлийг эвдэж, өөрсдөдөө илт давуу байдал олгон иргэдийн боломжийг хулгайлах нүгэл хавтгайрч байна. Энэ бол жигших ёстой, хатуу цээрлэл ногдуулах ёстой гэмт үйлдэл, гажуудал мөн.
Хууль тогтоох төрийн дээд байгууллагаасаа доош төрийн бус байгууллага хүртлээ хуулийг үл тоомсорлох, хөсөрдүүлэх явдал хавтгайрч байгаа нь тэвчиж, хүлцэж болшгүй хорт үзэгдэл юм. Нэгэн жишээ дурдахад та бид өнөөдөр олны хандив, төрийн хөрөнгөөр бүтсэн Бөхийн өргөөндөө үндэсний бөхөө барилдуулж чадахгүйд хүрээд буй. Монгол Улсын Засгийн газар Бөхийн өргөөний барилгын санхүүжилтэд шаардагдаж асан 1.1 тэрбум төгрөгийн 800 сая төгрөгийг нь улсын төсвөөс гаргаж, төрийн өмчит компаниуд 142 сая төгрөг хандивлажээ. Үлдсэн нь иргэд, бөх сонирхогчдын хандиваар санхүүжигдсэн жинхэнэ утгаараа олон нийтийн хөрөнгө оруулалттай байгууламж юм. Гэтэл харамсалтай нь цөөн хэдэн хүн хувийн өмч мэт эзэмшиж, ашиглаж, дураар авирлаж ирсэн бөгөөд одоо бөхчүүд, бөх сонирхогчдыг талцуулан хувааж, үйл ажиллагааг нь гацаасан байна.
Энэ үл бүтэх явдлын угт өнөөх л хуулийн засаглалыг үл тоомсорлодог, хэсэг бүлэг хүний явцуу эрх ашигт хөтлөгддөг гажуудал, завхрал байгаа. Чингис хааны зарчим, түүний үзэл санааны үүднээс бол энэ нь хуулийн хатуу цээрлэл хүртэх ёстой гэмт үйлдэл мөнөөс мөн билээ. Улс төрийн тогтолцооны ялзрал, гажуудал нь нийгэмд энэ мэт урхаг уршгийг тарьсаар байна. Нэн даруй эрс шинэчлэл хийх шаардлагатай болоод байгааг олон нийт ч мэдэрч, мөн биднээс шаардаж байна.
Эзэн богд Чингис хааныхаа мэндэлсэн өдрөөр түүний төрийн тухай, шударга засаглалын тухай сургаал, зарчим баримтлалыг нэхэн санаж цэгц шударга төрийг олон ардынхаа сэтгэл оюуны туслалцаатайгаар урлан босгох талаар нухацтай бодох цаг болсныг дахин сануулмаар байна.
                        Алд бие минь алжааваас алжаатугай
                        Аху төр минь бүү алдартугай
                        Бүтэн бие минь зовбоос зовтугай
                        Бүрэн улс минь бүү сандартугай
хэмээн их хаан айлдахдаа төр, улс хэмээхүй дор олон нийтийн эрх ашиг, үндэсний хөгжил дэвшлийг хэлж байсан нь лавтай. Өнөөдөр итгэл хүлээн төр түшиж байгаа хүмүүс, итгэлээ өгч сонгосон иргэд бүгдээр Эзэн богдын билиг сургаалыг баримталж үйл хөдлөлөө хянан Монголын төлөө хэмээх нэгэн үзүүрт сэтгэлээр эв саналаа нэгтгэвэл зохино.
Эрхэм олон монголчууд аа, дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа
Та бүхэнд дээд тэнгэрээс заяат төрсөн Эзэн богд Чингис хааны мэлмий гийсэн өдрийн халуун мэндийг дэвшүүлж, төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан оршихын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Их хааны алдар бадартугай !
Мөнх тэнгэрийн хүчин дор далай хааны суу билэг дэлгэрч, Монгол Улс маань цэцэглэн хөгжих болтугай!” гэлээ.https://president.mn/6693/?fbclid=IwAR2EojgG54kzaz_h30GYcs3BnknVs-8zbpvskPdpLKaDicVLq_fFBvGJBdI


-oOo-

Эх сурвалж: http://www.president.mn/mongolian/node/3771 2013-12-31. "Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн Шинэ оны мэндчилгээ дэвшүүлж 
ард түмэндээ хандаж хэлсэн үг"



Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе,

Хуучин он шилжиж, шинэ он гарах гэж байна. Нийслэл хотынхоо Чингэлтэй дүүргийн нэгэн өнөр өтгөн сайхан айл гэрээс, Монгол улсынхаа хоймроос энэ мэндчилгээг дэвшүүлж байгаадаа туйлын баяртай байна.          

2013 он улирч 2014 он айлсан ирэхэд хэдхэн мөч үлдлээ. Монгол түмний хувьд 2013 он амжилт бүтээлээр дүүрэн байж тулгар төрийн 2222 жилийн тэгш он тохиосон сайхан жил боллоо.

2013 он бол Монголын ардчиллын чансааг олон нийт үнэлсэн он байлаа. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын хурлыг Монгол улс амжилттай зохион байгуулж Дэлхийн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах эрхээ нэр төртэйгөөр шилжүүлэн өглөө.

2013 он бол амжилтаа ахиулж, илүү эрчээр илүү хөгжил рүү тэмүүлэхийг хүссэн түүхэн сонголтын он байлаа. Төрийн тэргүүний албыг үргэлжлүүлэн үүрэх итгэл хүлээлгэсэн ард түмэндээ баярласнаа дахин илэрхийлье. Миний бие улс үндэстнийхээ нийтлэг эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө үүрэг хүлээсэн цэрэг шиг зүтгэх болно.

2013 он бол "Том төрөөс ухаалаг төр рүү" шилжих бодлогын суурийг тавьж, цаашид олон чухал өөрчлөлт өрнүүлэх эхлэлийг нээсэн түүхэн жил боллоо.

2013 онд манай бүтээлч иргэд, эрдэмтэн мэргэд, соёл, урлаг спортынхон шинэ ололт, амжилт бүтээлээр дүүрэн байлаа.

2013 онд хууль, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд бид ололтоо баталгаажуулж чадлаа. Монгол улс сүүлийн хоёр жилд 36 байраар авлигын түвшинг буурууллаа. Мөн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн арга хэмжээнүүд үргэлжилж байна.

2013 он бол “Иргэний оролцооны жил” байлаа. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо өсөн нэмэгдлээ.

2013 онд Монголчууд бидэнд амжилт ололтоос гадна хүндрэл, сорилт бэрхшээл ч багагүй тулгарлаа. Та бид өнгөрсөн сургамждаа суурилж хөгжил дэвшилд хүрэх замаа хамтдаа бүтээж чадна гэдэгт би итгэлтэй байна.

Эрхэм хүндэт иргэдээ,

Шинэ он гарах мөч улам ойртож байна.

2014 он Монгол түмний хувьд ээлээ өгсөн сайхан жил болно гэдэгт итгэж байна.  2013 онд улс гэр маань олон шинэ охид хөвгүүдээр бүл нэмлээ. Шинэ оны өмнөхөн дөрвөн ихэр иргэнээ бид хүлээн авлаа. Удахгүй бид гурван саяулаа болох гэж байна. Бид улам өнөр өтгөн болно.

2014 онд охид эмэгтэйчүүд, хүүхэд ахмадуудын эсрэг хүчирхийллийг буруулах, таслан зогсооход онцгой амжилт гаргахын төлөө ажиллах болно. 

2014 онд эдийн засгийн ололт иргэн бүрт хүртээмжтэй байж, өрхийн хуримтлал нэмэгдсэн жил болоосой гэж хүсч байна. Үүний төлөө төр анхаарч ажиллана. Популистууд биш үйлдвэрлэгчид, бүтээгчид хүчээ авсан, тэдгээрийг үнэлсэн жил байгаасай гэж би хүсэж байна.

2014 он бол судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хуулийг тэгш хэрэгжүүлдэг төртэй болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх жил юм.

Манай иргэдийн эрүүл, аюулгүй амьдрахад гамшиг учруулж байгаа утаа, агаарын бохирдол, мөн нийгмийг бухимдуулж байгаа шударга бус бүхэнтэй хийж буй тэмцэлд ахиц дэвшил гарсан жил болно. 

Нийт Монгол түмэндээ шинэ оны мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Мөн хилийн чанадад аж төрж, сурч боловсорч байгаа иргэддээ  шинэ оны баярын мэнд хүргэе. Бүгдээрээ Монголынхоо сайн нэрийг дуурсгаж, бие биедээ түшигтэй, дэмтэй явцгаая.

Он солигдох энэ мөчид ажил үүргээ гүйцэтгэж яваа нийт иргэддээ хамгийн сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Мөн бидэнтэй хамт шинэ жилийг тэмдэглэж байгаа улс орон, олон улсын байгууллагын элч төлөөлөгчид, Монгол улсын бүтээн байгуулалтын төлөө хамтран ажиллаж байгаа нийт хүмүүст шинэ оны баярын мэнд хүргэе.

Шинэ оноо угтахаар догдлон суугаа алиа балчир хүүхдүүд, азай буурлууд, бүх хүмүүст ирж буй 2014 он ээл ивээлээ хайрлах болтугай гэж ерөөе.

Шинэ оноо угтах энэ өдрүүдэд Та бүгдийн бие биедээ өргөсөн ерөөл бүхэн ирэх онд биелээсэй гэж би хүсэж байна.

Ингээд энэхүү сүүн хундгыг айл гэр бүл бүхэнд аз жаргал бялхаж байхыг ерөөж өргөе. 
Монгол түмнийг минь төрийн сүлд ивээж, түмэн олны минь буян заяа тэгш дүүрэн явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхэнд дахин шинэ оны баярын мэнд хүргэе!

Сайхан баярлаарай!
2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр" гэжээ.
-oOo- "Цагийн өнгө" цахим сонины нийтлэл болоод холбоосыг татан авахыг зөвшөөрсөн гэж Би ойлголоо. Миний э-мэйл хаяг: chuluunbat47@gmail.com
Эх сурвалж: 2012.10.31. "Цагийн өнгө" Монгол бичгийн цахим сонины анхны дугаарт нийтлэгдсэн "Харь хэлнээс орсон үйл үг нэг ч байхгүй" өгүүллийг дараах холбоос дээр дарж үзнэ үү:

http://www.scribd.com/doc/111579862/%D0%A6%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D3%A9%D0%BD%D0%B3%D3%A9-%D1%86%D0%B0%D1%85%D0%B8%D0%BC-%D1%81%D0%BE%D0%BD%D0%B8%D0%BD

"Цагийн өнгө" Монгол бичгийн цахим сонины холбоос нь:
 http://www.sonin.mongol-bichig.com/

No comments:

Post a Comment